Дэлхийн банкнаас улс орнуудын эдийн засгийн үр ашиг, бүтээмжийг хэмжих зорилготой бизнес эрхлэлтийн индекс (Doing business index)-ийг жил бүр гаргадаг. Эл индекс нь тухайн орны бүтээмжийг шууд илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, бизнесийн тогтвортой, эрүүл орчин нь өндөр бүтээмжийг бий болгон, индексийн тоон утгыг өсгөдөг. Тэгвэл сүүлийн гурван жилийн индексийн тоон үзүүлэлт доошилж, манай улсад бизнес эрхлэх, эхлүүлэхэд дараах бэрхшээл тулгарч буйг дурдсан байна. Үүнд зээлийн хүү өндөр, хугацаа богино, төрийн алба нь хүнд сурталтай буюу авлигажсан гэдгийг онцолжээ. Түүнчлэн бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, бэрхшээлээс гарах арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан. 1400 гаруй аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан уг судалгаанд оролцогчийн 37 хувь нь үйлчилгээний байгууллагынхан, 25 хувь нь худалдаа эрхлэгчид, үлдсэн нь барилга, бүтээн байгуулалт болон хөдөө аж ахуйн салбарынхан байв. Улмаар 2020 оны бизнесийн орчны итгэлийн индекс 0.28 гарч, сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрснийг мэдээлсэн. Тодруулбал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь нөлөөлжээ.
2022 онтой золгоход хагас сарын хугацаа үлдлээ. Бизнес эрхлэх, шинээр эхлүүлэх орчин бодитоор ямар байгаа бол, нөхцөл байдал дээрдсэн, эсэхийг цөөн иргэн, аж ахуйн нэгжээс тодрууллаа.
Хан-Уул дүүргийн XX хорооны иргэн Г.Батбуян кафе нээх бэлтгэлээ базаажээ. Хөшөгийн хөндийн нисэх буудлын зам дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн, 100 гаруй ам метр талбай бүхий байр бэлтгэсэн аж. Кафе гэдэг нь халуун хоол, 18-аас доош зэрэгтэй согтууруулах ундаагаар үйлчилдэг, Г.Батбуянгийн хэлснээр “авсаархан газар” аж. Америкт цөөнгүй жил амьдран, түргэн хоолны чиглэлээр мэргэшсэн тэрбээр ийм үйлчилгээ эрхлэх бүрэн боломжтой гэсэн. Гэтэл заавал компани байгуулах шаардлага тавьжээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын ерөнхий газар, татварын байгууллагаас ч холбогдох бичиг баримт бүрдүүлж байж кафегаа нээх болж. Шинэ оны баярын уур амьсгал бүрдсэн энэ үед үүдээ нээн, орлого олохоор төлөвлөсөн ч бичиг “цаас”-ны ажилд дарагдан, хойшилсоор буйг дурдав. Баянзүрх дүүргийн XXVI хороонд өрхийн тариалан эрхэлдэг Б.Чулуунхүүгийнх амьдардаг. Нийт 70 орчим ам метр талбай бүхий хоёр хүлэмжтэй бөгөөд нэг нь өвлийнх нөгөөх нь зуных аж. Зуны хүлэмжээ дулаалж өвлийнх болгох, нэмж нэгийг барьж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг зорьсон ч зээл олдохгүй байгаа гэнэ. Б.Чулуунхүү “Зээл авах, эсэхээс өмнө нэг асуудал байна. Манай энэ хавийнхны хашааны газрыг эзэмшихээр бүртгээгүй. Хороо нь эмхлэгдэхгүй, айлуудын газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй дөрвөн жил өнгөрлөө. Хашаа ч үгүй надад хэн зээл өгөх вэ. Манайх сүүлийн гурван жилд өргөст хэмх, улаан лоолиор 4-5 дэлгүүрийг ханган зуны сард багадаа 1.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан. Өвөл нэг ресторанд нийлүүлдэг юм. Борлуулалтын баримтаа үзүүлээд, хүлэмжээ ч танилцуулъя гэж учирлаад нэмэргүй, банкныхан халгаадаггүй. Эхнэр бид хоёр 56, 55 настай, би агрономич мэргэжилтэй, өвлийн хүлэмжээ шилээр өөрийн технологиор барьсан. Надад ажил хийх, орлого ашгаа ахиулах боломж бүрэн бий. Дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс рүү удаа дараа очсон, тусыг олоогүй” гэлээ. Найз бүсгүйнхээ хамтаар айл өрх, албан байгууллага цэвэрлэдэг үйлчилгээ эрхлэх компани байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн Ц.Уранчимэг ийнхүү ярилаа. Тэрбээр “Монголын шилдэг-100 аж ахуйн нэгжид багтдаг компани нь айлын гэр цэвэрлэхийг иргэд, жижиг бизнесмэнүүдтэйгээ булаалдан гүйцэтгэдэг цаг үе аж. Барилгыг ашиглалтад оруулахын өмнөх цэвэрлэгээнээс багагүй мөнгө олж болдог ч том компаниуд урт хугацааны гэрээ байгуулаад, урдуур орчихдог. Айл, албан тасалгаа цэвэрлэх ажлыг хувь хүмүүс, хэсэг бүлэг иргэдэд үлдээж болдоггүй юм байх. Монополь байдлыг халахгүй бол жижиг бизнесүүд, шинээр бизнес эрхлэгчид томортлоо удна. Мэдээж гэр цэвэрлэхийн тулд бид улсын бүртгэлд бүртгүүлж, татвар хураамж төлж буй. Бичиг цаасны ажил их” хэмээн ярьсан юм. Түүнчлэн Баянгол дүүргийн XVIII хорооны иргэн Д.Алдарбаяр “Зочид буудал, зоогийн газар түрээслэн ажиллуулахад туршлагажсан. Жижгэвтэр зочид буудал түрээслэхэд сард багадаа гурав, зоогийн газарт нь 4-5 сая төгрөг төлж, хүмүүс цалинжуулж, татвар суутгуулдаг. Гэтэл зочид буудлын өрөөнд үйлчлүүлэгчид архи ууж, буй эсэхийг цагдаа нар байн байн ирж шалгадаг. Хэрэв архи ууж байвал биднийг торгодог. Мөн үйлчилгээний байгууллага 00.00 цагаасаа хааж байгаа, эсэхийг ч нарийн шалган торгууль, шийтгэл ногдуулдаг. Зочид буудал, зоогийн газарт хүмүүс архи, дарс уухаар, наргиж цэнгэхээр л цуглах биш үү. Зээл, тусламж надад хэрэггүй, үйл ажиллагаагаа цагийн хязгааргүй, дарамтгүй явуулах сан” гэсэн юм.
…Эл байдлыг нягталж, ойлгосон юм болов уу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд бизнес эрхлэхэд тулгамдаж буй бүх асуудлыг шийднэ. Төрийн байгууллагаас иргэдэд учруулж буй хүнд суртлыг арилган, хаана ч, хэн ч, ямар ч бизнес эрхлэх боломж бүрдүүлж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлсний эцэст үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтыг эхний ээлжид арилгана гэж мэдээлсэн…
Манай улсад бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувь буюу жилд бараг гурван их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулдаг. Гэтэл тусгай зөвшөөрөл авахаас эхлүүлэн, компани байгуулах зэрэг олон бичиг баримт бүрдүүлж, тэдэнд төвөг удсан хэвээр байна. Барьцаа хөрөнгөгүйн улмаас олон арван бизнесмэн зээл авч чадахгүй, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж алга. Цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагуудын дарамт шахалт саад тотгор болсоор байгаа гэнэ. Эл байдлыг нягталж, ойлгосон юм болов уу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд бизнес эрхлэхэд тулгамдаж буй бүх асуудлыг шийднэ. Төрийн байгууллагаас иргэдэд учруулж буй хүнд суртлыг арилган, хаана ч, хэн ч, ямар ч бизнес эрхлэх боломж бүрдүүлж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлсний эцэст үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтыг эхний ээлжид арилгана гэж мэдээлсэн. Ам, ажил хоёр нь хэр нийлэхийг иргэд хүлээсээр.