Эрээн-Замын-Үүдийн боомтоор ачаа, бараа нэвтрүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан хэмээн Шадар сайд С.Амарсайхан уржигдар мэдээлсэн. Улмаар Эрээнд гацсан байсан ачаатай 150 автомашиныг эхний ээлжид татан авч эхэлснээ дурдсан. Тэгвэл дээрх боомтоор ачаа ачсан нэг, шинэ 10 гаруй, уул уурхайн тоног төхөөрөмжийг оролцуулбал нийт 20 хүрэхгүй тээврийн хэрэгслийг өнгөрсөн хоёр өдөрт Замын-Үүд рүү оруулсныг иргэд мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн оршин суугч М “Би Эрээн-Улаанбаатарын хооронд ачаа зөөдөг дөрвөн автомашинтай. Нэг нь Эрээнд ачаатай байгаа бөгөөд хил нээгдэх сургаар оруулж ирэхээр төлөвлөж байв. Гэтэл 150 автомашинаас нэгийг л өчигдөр нэвтрүүлээд ахиад тодорхойгүй хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Халдвар хамгааллаа илүү сайжруулахыг урд хөршийнхөн шаардсан бололтой” гэлээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн болон Гадаад харилцааны яамнаас тодруулахад хэвлэл мэдээллийн албанаас нь “Тодорхой мэдээлэл алга” хэмээн хариулав.
Бэлтгэсэн С.Цэрэн