Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж, харилцан асууж, хариулж байсан хуралдааныг эргэн харахыг, сонсохыг хүсэж байна. Ердөө гурван жилийн өмнө шинэчлэн найруулсан хуулийг яагаад дахин оролдох болов, чухам юу нь болох гүй байгаа юм, хэрвээ сайжруулах гэсэн бол ямар үзүүлэлтийг аль хэр түвшинд хэрхэн аваачихыг зорино вэ. Эрхэм гишүүдийн асуултаас ч, хариултаас ч, ийм учиртай юм байна гэх ойлголт “барьж авч” чадахааргүй байна. Хуулийн төслийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан юм билээ. Түүний тайлбарт оновчтой, шаардлагыг яв цав гаргаж ирсэн мэдээлэл байхгүй.
Юутай ч өдгөө бие даасан статустайгаар үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын Далайн захиргааг Зам, тээврийн яамны бүтцэд оруулах тухай яриад байна. Гэхдээ энэ удаа хуулийн шинэчилсэн найруулгыг эргэж харах, ярилцан, хэлэлцэж, боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэв бололтой, Байнгын хороонд нь буцаасан л даа. Асуудлыг хэзээ дахин босгож ирж, хэн, аль талаас нь юу гэж тайлбарлахыг таашгүй. Уг төслийн хүрээнд үг, санал хэлсэн гишүүдийн ярианы өнгө, дэгсдүүлбэл царайны төрхөөс ч тэр нэг нь нөгөөгөө лоббидсон, хэрэгтэй үед нь өргөж ярьсан, зарим үед зэмлэж буй мэт аашилж, дуугаа өндөрсгөх, үнэн хэрэгтээ өнгөлөн далдлах тактик хэ рэглэж байгаа нь илт хэлэлцүүлэг болсон гэхэд хилсдэхгүй. УИХ-ын гишүүдэд энэхүү хуульд байгууллагын статусыг өөрчлөх төдийгөөр гар хүрэх ямар сонирхол байгаа талаар авч үзэхэд өнөөх л мөнгө үнэртээд явчих шиг. Монгол Улсын Далайн захиргаа гэж ямар байгууллага болохыг судаллаа. Манай улс нь Далайн олон улсын байгууллагын гишүүн орны хувьд, олон улсын 32 гэрээ, конвенцод нэгдэн орсны учир 2003 оноос улсдаа Далайн захиргаа хэмээх бие даасан байгууллагыг Улсын үйлдвэрийн газар статустайгаар ажиллуулдаг юм байна. Тус захиргаа нь Зам, тээврийн сайдын эрхлэх ажлын хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулдаг. Далайд гарцгүй ч далайд үйл ажиллагаа явуулах эрхийнхээ хүрээнд олон орны 178 том, жижиг усан онгоцонд Монгол Улсын Төрийн далбаа байр шуулж аялуулдаг, үүнийхээ төлөө улсын төсөвт хөрөнгө хуримтлуулдаг байгууллага аж. Жилд дунджаар 1.5 тэрбум төгрөг төсөвт оруулдаг. Өөрөөр хэлбэл зарлага гэх юмгүйгээр бие даан үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, ашиг олдог юм байна. Тэд эдүгээ 25-уул. Өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр их, дээд сургууль төгссөн, мастер хамгаалсан, далайд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд ч тэдний бүрэлдэхүүнд бий. Энэ бүх мэдээлэл вэб сайтад нь буй.
Тус захиргааныхнаас Далай ашиглах тухай хуулийг шинэчлэх ямар шаардлага байгааг асуухад “Бид бас гайхаад, хэнээс асуухаа мэдэхгүй л байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт манай захиргаанаас хүн оруулаагүй. Яагаад гэдгийг бас мэдэхгүй. Монгол Улс нь Далайн олон улсын байгууллагын өмнө нэр хүнд сайтай орон. Далайн захиргааг Зам, тээврийн яамны бүтцийн нэгж болгох тухай яриад байх шиг. Учир, зорилго байгаа юм болов уу даа” гэв.
УИХ-ын гишүүдээс нэг бус нь “Ажлаа мөрөөрөө хийж байгаа Далайн захиргааг татан буулгах ямар шаардлага байгаа юм бэ” гэж асуухад “Татан буулгах гээгүй, зөвхөн яамны бүтцэд аваачих л гэсэн юм” гэх маягтай хариулж байх юм. Зам, тээврийн яаманд төмөр зам, далайн тээвэр хариуцсан нэгж байдаг бөгөөд усан тээврийн асуудлаар дагнадаг мэргэжилтнүүд нь Монгол орны Хөвсгөл, Буйр нуур гэх зэрэг газруудын үйл ажиллагааг хамаардаг юм байна. Нийт дөрвөн мэргэжилтэн ажилладаг, нэг даргатай. Энэ хэлтсийнхний ажил багадаад байгаа болохоор олон улсын 32 гэрээ, конвенцод нэгдэн орсон Монгол Улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг Далайн захиргааг нийлүүлэх гээд байгаа юм болов уу. Тийм бол тус захиргааны 25 ажилтныг бүгдийг нь хариуцдаг ажилтай нь, цалинтай нь авчрах уу. Эс бөгөөс заримыг нь гэнэт ажлаас халах уу. Энд хэн нэгэн ажилтай, цалинтай үлдэх, эсэх тухай асуудлаас илүүтэй, яг ямар шалтгаанаар Далайн захиргааг яаманд нэгтгэх гээд байгаагийн учир л асуулт дагуулж буй юм.
Жилд “сул” орж ирдэг 1.5 орчим тэрбум төгрөгийг нааш, цааш гүйлгэх, эргүүлж, тойруулах сонирхол байна уу, эсвэл далайн хөлөг онгоцонд Монгол Улсын Төрийн далбаа зүүлгэж усан замаар аялуулсны төлөөсөнд авдаг мөнгөний тариф дээр тоглолт хийх сонирхол байгаа юу гэх зэрэг асуулт урган гарч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монголын далбаатай аялдаг хөлөг онгоцнуудын баг, хамт олноос хэнээс нь, хэдэн төгрөг авахыг Монгол, Сингапурын хамтарсан хувийн компани тогтоодог байсан гэх юм. Тэр байгууллагыг яагаад ч юм, энэ оны гуравдугаар сарын 1-нээс татан буулгасан тул тариф тогтоох ажлыг өдгөө Монгол Улсын Далайн захиргаа хариуцаж байгаа аж. Үүнд дургүйцсэн, санаархсан, атаархсан нөхөд Засгийн газраар хуулийн төсөл санаачлуулан зүтгүүлэв үү гэж ч хардах үндэслэлтэй. Зам, тээврийн яамны дарга нараас УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан дүр эсгэж, эгээ л толгойгоо маажих нь холгүй байсан нь бий. Хэлэлцүүлгийг харсан, сонссон хүмүүс анзаарсан байх. Комбинац гэх гадаад үг эрхгүй санаанд буух ажгуу. Нэг нь боломж олж хардаг, нөгөөдөө дуулгадаг, бусдыг элсүүлж аваад хамтран захаас нь хөөж, нэг тийш шахаж байгаад, санаснаа хийдэг арга барилд манай улстөрчид гарамгай. Ийм замаар илүү харж, билүү долоох гэсэн юм биш биз гэж санагдаад явчихсаныг нуух юун.
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн “Нийтлэг үндэслэл” дэх хуулийн зорилтыг авч үзье. “Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, хөлөг онгоцон дээрх хөдөлмөрийн харилцаа, далайчны чадамжийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино” гэжээ. Ийм алсын хараатай үндсэн зорилгыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Далайн захиргаа хэмээх өндөр боловсролтой залуус олонтой, гар, сэтгэл нийлсэн хамт олон 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байхад байр суурь, олон улсын байгууллагын өмнөх нэр хүндийг нь ч болов хүндэтгэж, хөндлөнгөөс дайрч, довтлохын оронд харин ч дэмжиж, хайрламаар, тайван ажиллуулмаар, санагдах юм.
Хаана, ямар сандал, суудал, эрх мэдэл, олз, ашгийн нүх сүв байгааг хамтран хайх лугаа адил, үг, хэлээ нийлүүлэх мэтээр төрийн эрх барих дээд байгууллагын хүрээнд ханьсах нь төрд сонгогч олныг төлөөлж суугаа “элч”-үүдийн авир, араншин биш хэмээн бодном. Лав Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр “Бүр байсаар байтлаа хувийн ашиг сонирхлоо хуульд дайн, түүнд шингээх арга замаар гүйцэлдүүлэх үү” гэсэн бодол төрснийг хуваалцав.