Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны иргэн М.Батболд нарны эрчим хүч ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэн, өрхийн хэрэглээндээ ашигладаг. Тэрбээр өрхийн хэрэглээнээсээ илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх туршилтын төсөл эхлүүлэх санаачилга гаргажээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс өнгөрсөн бямба гарагт түүний төсөлтэй газар дээр нь очиж танилцжээ. М.Батболд технологийн хувьд дулаан солилцуурын ухаалаг инвертерийн систем ашиглан эрчим хүчний үүсгүүрээ шийдсэн байна.
Эрчим хүчний сайдын 2020 оны 159 дүгээр тогтоолоор өрхийн үйлдвэрлэгч түгээх сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх харилцааг зохицуулж, тодорхой болгожээ. Гэвч өртөг зардлын хувьд төрийн бодлогоор урамшуулах шаардлагатай байгаа гэнэ. Н.Тавинбэх сайд “Эрх зүйн зохицуулалтыг нь гаргасан ч хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл тулгарч байна. Тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар судалж байгаа. Манай улс эрчим хүчний дутагдалтай. Дутагдлаас гарахын тулд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сэргээгдэх эрчим хүчийг айл өрхүүд хэрэглээндээ нэвтрүүлэх боломжийг олгох ёстой. Сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй М.Батболдынх өрхийн хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэн орлого олох боломж бүрджээ” гэсэн байна.
Тархмал бага оврын цахилгааны эх үүсвэрийг ашигласнаар импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах боломжтой. Тиймээс айл бүр өрхийн хэрэглээний цахилгаан эрчим хүчээ өөрөөсөө үйлдвэрлэж, цаашид түгээх сүлжээнд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр Эрчим хүчний яамныхан ажиллаж байгаа гэнэ
Бэлтгэсэн Т.Бат