Тулгаагийнх ам бүл тавуул. Тэднийх бага насны гурван хүүхэдтэй учраас эхнэр нь ажил хийдэггүй, “арын алба” хариуцдаг. Гэрийн эзэн буйдангийн үйлдвэрт ажилладаг бөгөөд сард 800 мянган төгрөгийн цалинтай. Нэг хүний цалингаар таван хүн амьдардаг гэсэн үг. Идэх хоол, өмсөх хувцаснаас эхлээд хэрэгцээ их тул энэ мөнгийг хүргэх гэж айлын эзэгтэй чардайдаг гэнэ. Элдэв тансаглалд мөнгө үрэх нь ховор. Гурил, будаа, мах, хүнсний ногоо зэрэг гол хүнсээ цалин буух бүрт базааж, сүү, цагаан идээг байнга биш ч хааяа хэрэглэхийг хичээдэг байна. Жимс, жимсгэнэ, амттан бол тооцоо, төлөвлөгөөнөөс нь ямагт гадуур байдаг аж.
Чингүүнийх ам бүл дөрвүүл. Тэрбээр эхнэртэйгээ хамт хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд сарын дундаж орлого нь 3-4 сая төгрөг. Өдөр тутмын хэрэглээг нь харвал эднийх хангалуун амьдардаг. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, амттан гээд ер хэрэглэж болох бүхнийг төрөл бүрээр нь зооглодог. Гэрийн эзэд маш завгүй ажилладаг учир цагаа хэмнэх үүднээс хүнсэндээ бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх нь түгээмэл.
Хүүхдүүд нь ч түүнд “нугасгүй” аж. Өглөө, оройд л хүүхдүүдийнхээ барааг харах шахам ажилладаг тэд гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй гэмээ амралтын өдөр цайруулдаг гэнэ. Гадуур зугаалж, хотын хаа нэгтээх ресторан, түргэн хоолны газарт тухлах нь энэ гэр бүлийн хувьд нэг төрлийн уламжлал болон тогтжээ.
Тэнгэр, газар шиг ялгаатай, тэс өөр аж амьдралтай ийм хоёр айл байна. Нэг нь өрхийн хэрэглээгээ дөнгөн данган хангах хэмжээний орлоготой. Нөгөө нь олдог хэддээ бус, хэрэглээндээ захирагдаж амьдардаг, санхүүгийн чадамж харьцангуй сайн. Энэ хоёр гэр бүлийн аль нь илүү олон нэр, төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ өдөр тутам хэрэглэдэг вэ гэвэл хариулт нь тодорхой. Мэдээж Чингүүнийх. Тэгвэл аль нь илүү эрүүл, зөв хэрэглээ, хооллолттой вэ. Дийлэнх монголчуудын адил мах, гурил, будаа, төмс түлхүү иддэг Тулгаагийнх уу, амттай шимтэй гэсэн бүхнийг хэрэглэдэг Чингүүнийх үү. Та аль талд нь зогсох вэ. Тансаг, үнэтэй бүтээгдэхүүн бүхэн эрүүл, зөв хэрэглээ болж чадах уу. Цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд эрүүл бус хооллолттойд тооцогдох уу. Ийм асуулт, эргэлзээ танд төрж буй гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл мэргэжлийн судлаачид үүнийг жинлэж, тооцоолж, харьцуулан судалсны үндсэн дээр Чингүүнийх Тулгаагийнхаас харьцангуй эрүүл хооллолттой гэж дүгнэжээ. 80, 100 хувь бус, илт, хавь илүү ч биш, харьцангуй гэснийг анхаарна биз ээ.
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийнхан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачидтай хамтран энэ чиглэлийн судалгаа хийжээ. Дээрх шиг ялгаатай амьдралтай, хэрэглээтэй нийслэлийн 300 гаруй өрхийг хамруулан, орлогынх нь түвшнийг бага, дунд, өндөр гэж ангилан, хооллолтын хэв маягийг нь жил гаруйн турш судалжээ. Ингээд судлаачид “Өрхийн орлого нэмэгдэх тусам, санхүүгийн чадамж өндөр байхын хэрээр эрүүл бус хооллох хэв маяг давамгайлж байна” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Олон айлаас ийм нийтлэг дүр зураг, хэв байдал ажиглагджээ.
Бага болон дунд орлоготой өрхүүдийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд гурил, будаа, сүү, мах, ургамлын тос, төмс, хүнсний ногооноос лууван, манжин, байцай зэрэг цөөн төрөл багтаж байна. Энэ бүлгийн айлуудад хүнсний бүтээгдэхүүний сонголт хязгаарлагдмал, нэр, төрөл цөөн байгаагийн хэрээр шим тэжээлийн дутагдал өндөр буйг судлаачид тогтоожээ. Нийт хүмүүсийн 70 орчим хувь нь ийм дутагдалтай нь шинжилгээгээр тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, тэд хүний биед шаардлагатай уураг, өөх тос, аминдэм, эрдэс бодис, эслэг гэх мэт шим тэжээлийг хэрэглэдэг хүнснээсээ авч чаддаггүй, тэнцвэрт бус хооллолттой гэсэн үг. Харин өндөр орлоготой, санхүүгийн чадамжтай гэр бүлүүдийн хувьд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны нэр, төрөл, хэрэглээ илүү өргөн байсан ч чихэрлэг бүтээгдэхүүн, амттан түүнээс дутахгүй хувь эзэлжээ. Нийт өрхүүдийн 80-90 орчим хувь нь амтлаг “хор” өдөр тутам хэрэглэдэг гэсэн мэдээлэл байна. Дэлгэрүүлбэл, хийжүүлсэн ундаа, бялуу, жигнэмэг, шоколад, чихэр зонхилжээ. Түүнчлэн хиам, зайдас, пицца, утсан мах зэрэг бэлэн болон лаазалсан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр гарчээ. Тэр хэрээр шарсан, хуурсан, өөх тостой хоол зооглох нь их гэнэ. Судалгаанд хамруулсан энэ бүлэг (өндөр орлоготой өрх)-ийн нийт иргэдийн 80 орчим хувь нь илүүдэл жин, таргалалтын асуудалтай байсан бөгөөд судлаачид зүрх, судасны эмгэг, цус харвалт, чихрийн шижин, хорт хавдар зэрэг халдварт бус өвчлөлд өртөх магадлал өндөр хэмээн дүгнэжээ.
Бага болон дунд орлоготой айлууд сард дунджаар 30-60 мянган төгрөгийг чихэрлэг бүтээгдэхүүн, амттангаар сольдог бол үүнээс боломж сайтай нь багадаа 200-300 мянган төгрөгийг ийм “хор” худалдан авахад зарцуулдаг гэсэн тооцоо гаргажээ. Харин бэлэн бүтээгдэхүүнд зарцуулах төсөв орлогын түвшнээс хамаараад сарын дундаж орлогын 4-20 хувийг эзэлж байна. Эндээс өндөр орлого амьдралын чанарыг илтгэх үзүүлэлт болдоггүй гэдгийг харж болно. Эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлдэг, тэр хэрээр ходоод руугаа орж буй бүхэнд ач холбогдол өгдөг, анхаардаг хүн мэдээж өчнөөн. Гэхдээ орчин цагийн гэр бүлүүдэд орлого дагасан олиггүй хэрэглээ, тансаглал нэртэй хорлол газар авсныг судлаачид ийнхүү тогтоогоод байна.
Энэхүү судалгааг гүйцэтгэсэн багийн удирдагч, анагаахын шинжлэх ухааны доктор, хоолзүйч Б.Отгонгэрэл “Манай улс “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг тодорхой давтамжтай хийсээр ирсэн. Энэ нь цар хүрээгээрээ илүү өргөн боловч халдварт бус өвчлөлийн нөхцөл шалтгаан талаас нь түлхүү судалсан байдаг. Мөн Үндэсний статистикийн хороо нэг хүнд сард ногдох хүнсний зарим бүтээгдэхүүний хэрэглээг хот, хөдөөгөөр тооцон, улирал тутам гаргадаг. Гэвч энэ нь нийт хэрэглээг ам бүлийн тоонд харьцуулан нэг хүнд ногдох бүтээгдэхүүнийг тооцдог учир тухайн айлын хооллолтын тэнцвэрт байдлыг илтгэх хүчин зүйл болдоггүй. Манай оронд хийсэн хүнсний бүтээгдэхүүн, хооллолттой холбоотой судалгаанууд энэ мэтчилэн нэг хүнд төвлөрсөн, эрүүл мэндийн үзүүлэлт, өвчлөлийн нөхцөл шалтгааныг тодорхойлоход чиглэсэн байдаг. Харин “Өрхийн орлого ба хооллолтын тэнцвэрт байдлын хамаарал” судалгааны гол онцлог нь гэр бүлд төвлөрсөн. Монголчууд, тухайлбал, дундаж орлоготой гэр хорооллын айл, өндөр орлоготой хотын төвд амьдардаг өрх юу идэж, ямар байдлаар хооллож байна вэ гэдгийг тандаж, судалснаараа шинэлэг. Хүнсний хэрэглээ, хооллолтод өрхийн санхүүгийн чадамж, орлогын түвшин ямар нөлөөтэйг тодорхой болгохыг зорьсон. Нэг сонирхолтой зүй тогтол ажиглагдаж, батлагдсан нь орлогын чадамж өндөр айлуудад шим тэжээлийн зохистой харьцаа ихээр алдагдсан байна. Уг нь тэдэнд бага, дунд орлоготой өрхүүдтэй харьцуулахад эрүүл хүнс сонгож хэрэглэх боломж харьцангуй өндөр. Хэрэглэж ч байгаа. Гол нь зохисгүй хэрэглээ, хооллолт тэр чинээгээр их байгаа учраас бие махбододоо хэрэгцээт илчлэг, шим тэжээлийг авч чаддаггүй. Бага, дунд орлоготой, олон гишүүнтэй гэр бүлүүд чихэр, жимс авах уу, мах, гурилаа авах уу гэдэг сонголттой байнга тулгардаг учраас тансаг хэрэглээг хоёрдугаарт тавих нь түгээмэл юм байна. Энэ нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй эрсдэлийг бууруулах шалтгаан болдог. Нөгөөтээгүүр, шим тэжээлийн дутагдалд орох нөхцөл шалтгаан болдог. Өргөн агуулгаар нь харвал өндөр орлоготой өрхүүд илүү эрүүл бус хооллолттой, халдварт бус өвчинд өртөмтгий байна” хэмээн ярилаа.
Тус судалгааг шинэ арга зүйгээр, онцлог сэдвээр хийсэн учир импакт фактор өндөртэй, анагаах ухааны, олон сэтгүүлд ирэх оны хоёрдугаар сард нийтлүүлэхээр төлөвлөснийг судлаач онцоллоо. Судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тухайн үед нэгдсэн журмаар түгээх учраас зарим нарийвчилсан үзүүлэлтийг танилцуулах боломжгүйг ч тэрбээр учирласан юм.
“Өрхийн орлого ба хооллолтын тэнцвэрт байдлын хамаарал” нь монголчуудын эрүүл мэнд, санхүүгийн боловсролын түвшин, хандлагыг илтгэх чухал баримт, үзүүлэлт гэдгийг судалгааны багийнхан дурдав. Тэгвэл энэ хандлагыг өөрчилж, хооллолтын тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд нэн түрүүнд хүнсний бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нь чухал гэнэ. Өөрөөр хэлбэл, жинхэнэ тансаглал бол эрүүл, зөв хооллолт бөгөөд түүнээс үлдэх шим тэжээл, өгөөж нь чихэр, шоколадныхтай харьцуулшгүй гэдгийг ойлгуулах чухал аж.