БНХАУ цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор Эрээний боомтын нэвтрэх хөдөлгөөнийг өнгөрсөн аравдугаар сарын 14-нд хааснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Улмаар хоёр улсын хилийн тэг цэгээс чингэлгээр ачаа, бараа нэвтрүүлж хэвших бодлого баримтлан, чингэлэг тээврийн шаардлага хангахыг урд хөршийн зүгээс манай улсад мэдэгдсэн. Гэсэн ч биеллээ ололгүй өдий хүрсэн. Тэгвэл уржигдраас зорчих хөдөлгөөнийг нээн, Эрээнд гацсан байсан 150 болон хилийн тэг цэгт байрласан автомашиныг татаж эхэлснийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Эхний ээлжид Эрээнд ачаагаа ачин хүлээгдэж байсан автомашинууд, дундын бүсэд байсан тээврийн хэрэгслийг нэвтрүүлж дуусаад, өнөөдөр, эсвэл маргаашаас өдөр бүр 50 чингэлэг солилцохыг тэрбээр дурдав. Чингэлэг тээвэр хэвийн үргэлжлэх боломж бүрдсэн гэв.