Орчин үеийн дэвшилт технологи бүхий тухтай орчинд, найрсаг үйлчилгээтэй, чадварлаг эмч, ажилтнуудаас эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж авахыг хэн бүхэн хүсэх нь мэдээж. Тэр дундаа хөл хүнд эмэгтэйчүүд ая тухтай орчинд эсэн мэнд амаржих нь хамгаас чухал. Харамсалтай нь, манай улсын төрөх эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ хангалттай сайн биш, тоног төхөөрөмж нь хэт хуучирсан, эмч, ажилтнууд нь гар хардаг байдал даамжирсаар өдий хүрсэн. Үүнийг өөрчлөх гарц шийдэл бий юү.
Саяхан Засгийн газраас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд байсан төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн яамны “халаас”-нд багтаав. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн харьяа “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ. Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого, чиглэлээр хангах ажлыг салбарын сайд нь шийдвэрлэхээр болов. Энэ талаар эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд есөн дүүргийн эмнэлэг, гурван амаржих газар байдаг. Харин Засгийн газрын хуралдаанаар амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг эх, хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний үзүүлэлтээр хэмждэг. Иймээс төрөх эмнэлгүүдэд хөрөнгө оруулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэгт ЭМЯ бодлогоор анхаарах нь зүйтэй” хэмээсэн.
Саяхан Засгийн газраас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд байсан төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн яамны “халаас”-нд багтаав. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн харьяа “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ. Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого, чиглэлээр хангах ажлыг салбарын сайд нь шийдвэрлэхээр болов. Энэ талаар эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд есөн дүүргийн эмнэлэг, гурван амаржих газар байдаг. Харин Засгийн газрын хуралдаанаар амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг эх, хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний үзүүлэлтээр хэмждэг. Иймээс төрөх эмнэлгүүдэд хөрөнгө оруулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэгт ЭМЯ бодлогоор анхаарах нь зүйтэй” хэмээсэн.
Урьд нь “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газар нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд байсан учраас салбарын яам нь шууд удирдах эрхгүй байв. Амаржих газруудад нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдож, удирдлагын оновчгүй шийдвэрээс үүдэлтэй эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал илэрч, эх эндсэн тохиолдол гарсаар байгааг Засгийн газраас онцгойлон анхааруулсан. Тиймээс нийслэлийн харьяанд байсан төрөх гурван эмнэлгийг “зэрэг нэмүүлж”, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаасан нь энэ. Ингэснээр эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшлийг нэвтрүүлэн, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзэж байгаа юм.
…Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээг анхаарч ажиллах нь яамны тэргүүлэх бодлого байх болно хэмээн сайд нь амласан. Амлалтаа биелүүлэх, эсэхийг цаг хугацаа л харуулах үлдлээ. Тоног төхөөрөмжөө сайжруулах нэг хэрэг. Хамгийн гол нь эхчүүдэд томоохон асуудал учруулдаг хүнд суртлыг л арилгах шаардлага байгааг салбарын сайд анхаарна уу…
Үхэх, төрөх ижилхэн гэдэг. Дуншиж өвдсөн эмэгтэйчүүд уйлж, хашхирч, ёолж, үгээ хэлэн байж хоёр яс салдаг билээ. Хорвоод дуу хадаан мэндэлсэн нярай, нялх биетэй ээж хоёрт шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлснээр эрсдэлээс сэргийлж чадна. Аливаа улс эх, хүүхдэдээ ямар тусламж үзүүлж чадаж байна, түүгээр нь тухайн орны эрүүл мэндийн хөгжлийг тодорхойлдог гэдэг. Төрөх өрөөний төмөр ор, хүйтэн тасаг, эмч, сувилагчдын тоомжиргүй байдлаас эхлээд эх, хүүхдийн эндэгдлийн тооноос үзэхэд манай улсад эл тусламж, үйлчилгээ ямархуу шатанд явааг илтгэнэ. Эрүүл мэндийн яамны статистик мэдээнээс харахад энэ оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 60 мянга гаруй эх амаржиж, 56 эх эндсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд 515 хүүхэд нярай (төрсний дараа 0-28 хоног дотор) үедээ энджээ. Эх, үрийн эндэгдлийг бууруулахад салбарын яам нь онцгой анхаарах цаг хэдийн болсон. Одоо бодлогын түвшинд шийдвэр гаргах эрх нь салбарын яаманд шилжсэн учраас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулж, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Засгийн газрын шийдвэрийн дараахан Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаны хүмүүс “Өргөө”, “Амгалан” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаа мэдэгдсэн юм. Тухайлбал, “Өргөө” амаржих буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт 4D ЭХО аппарат, суурин рентген аппарат шийдвэрлэж өгсөн юм. Уг эмнэлэг өдий хүртэл энэ хэмжээний тоног төхөөрөмжгүй л байсан гэсэн үг. Энэ талаар тус амаржих газрын дарга Ж.Энхцэцэгээс тодруулахад “Сайд хэлснийхээ дагуу манай эмнэлэгт 4D ЭХО аппаратыг олгосон. Хуучин аппаратын хүчин чадал муу байсан. Ургийн хөгжлийн саатлыг эрт илрүү лэхэд хэт авиан оношилгоо буюу ЭХО аппарат хамгийн чухал. Бид “Ковид-19”-өөр өвчилсөн эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнд шаардлагатай рентген аппаратыг удахгүй өгнө гэсэн. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ариутгалын тасгийг шинэ тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо. Энэ мэтээр эмнэлгийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангамж нэг шатаар урагшиллаа” гэв. Төрөх эмнэлгүүдэд хүчин чадал сайтай, сүүлийн үеийн ЭХО аппарат байхгүйгээс жирэмсэн эмэгтэйчүүд хувийн эмнэлэгт ханддаг. Түүнчлэн амаржих хүртлээ ургийн хөгжлийн саатлыг илрүүлэх хэт авиан оношилгоонд гурваас олон удаа хянуулах ёстой. Нэг удаагийн оношилгооны төлбөр дунджаар 50 000 төгрөг. Ургийн хөгжлөөс шалтгаалан эмэгтэйчүүдийн ЭХО-д харуулах тоо харилцан адилгүй. Тэр болгонд өөрөө мөнгөө гаргадаг. Харин “Өргөө” амаржих газарт төрөх эмэгтэйчүүд эрүүл мэндийн даатгалаар 4D ЭХО-д харуулах боломж бүрдсэн нь сайн хэрэг. Бусад төрөх эмнэлэгт ч мөн адил орчин үеийн, өнгөт ЭХО шаардлагатай юм билээ.
Эрүүл мэндийн сайдын дараагийн очсон эмнэлэг нь “Амгалан” амаржих газар байв. Тус газар нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 510 000 хүн амаас нөхөн үржихүйн насны 137 000 эмэгтэйд тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. С.Энхболд сайд тус амаржих газарт шаардлагатай суурин рентген аппарат, ариутгалын тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгчээ. Мөн өнгөрсөн амралтын өдөр Эрүүл мэндийн сайд “Хүрээ” амаржих газарт ажилласан. Тус эмнэлэг өнгөрсөн сарын байдлаар 11 577 жирэмсэн эмэгтэйд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Уг амаржих газрын дарга А.Жаргал “Манай эмнэлэг эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлээд 62 жил болж байна. Эмнэлгийн барилгад их засвар хийхээр болсон. Шинэ эмнэлэг барихаар 10 гаруй жил хөөцөлдсөн. Эцэст нь улсын төсвийн хөрөнгөөр шинэ эмнэлэг барихаар боллоо. Яамны харьяанд шилжсэнээр эмнэлгийн гадаад, дотоод харилцаа сайжирч, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болно гэж итгэж байна” гэлээ.
Ямартай ч амаржих газруудыг салбарын яамны харьяанд шилжүүлснээр сайд нь шуурхай арга хэмжээ авч, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцан, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж эхэллээ. Энэ мэтээр шаардлагатай багаж хэрэгсэл, чадварлаг эмч, тухтай орчинтой болчихвол тулгар биетэй эмэгтэй аятайхан төрөхийн тулд танил талаа бараадаж, эмнэлгийн ажилтнуудын гарыг цайлгаж, гэм хийсэн мэт гэлбэлздэг байдал арилах биз. Монголд хүүхдээ төрүүлсэн эмэгтэй, гадаад улсад амаржсан бүсгүй хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байдлыг мэдэрдэг. Монголд амаржсан эмэгтэй эмч, сувилагчдын таагүй харилцаа, орчны тухгүй байдал, хуучин тоног төхөөрөмж, төрөхийн хүндрэл зэргийг биеэрээ туулдаг ч нялх үрээ хараад л мартаж орхидог. Эх, үр эсэн мэнд байвал гээд бусад асуудлыг төдийлөн тоохгүй өнгөрөөдөг. Харин гадаадад бол нөхцөл байдал өөр. Тухайлбал, Швед улсад амаржсан нэгэн эмэгтэй “Би анхны хүүхдээ төрүүлэхдээ цус их алдсан учраас хоёр дахь удаагаа амаржихад эмч нар эрсдэл гарах вий гэж урьдчилан нөөц цус бэлдсэн байсан. Эх, хүүхдийн эндэгдэл гаргахгүйн тулд ихэд хичээж, өмнөх төрөлтийн явцтай харьцуулан шаардлагатай арга хэмжээ авдаг юм билээ. Тиймээс Шведийг эх, хүүхдийн эндэгдэлгүй улс хэмээдэг” гэв. Манай улс Швед шиг эх, хүүхдийн эндэгдэлгүй орон болох шат руу нэг алхам ойртсон гэж итгэж байна. Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээг анхаарч ажиллах нь яамны тэргүүлэх бодлого байх болно хэмээн сайд нь амласан. Амлалтаа биелүүлэх, эсэхийг цаг хугацаа л харуулах үлдлээ. Тоног төхөөрөмжөө сайжруулах нэг хэрэг. Хамгийн гол нь эхчүүдэд томоохон асуудал учруулдаг хүнд суртлыг л арилгах шаардлага байгааг салбарын сайд анхаарна уу.