БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын хөтөч, тайлбарлагчдын холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагатай хамтран есөн стандартын дүрмийг шинэчлэн, боловсруулжээ. Тухайлбал, зөөгч, бартендер, бариста, зочин хүлээн авагч, угтагч, хөтөч, тайлбарлагч зэрэг мэргэжилтний ажилдаа баримтлах дүрмийг шинэчилснээс гадна гэрийн болон өрөөний үйлчилгээг ямар түвшинд үзүүлэх ёстойг зааварчилжээ.
Эдгээрийг шинэчилснээр аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжрахаас гадна энэ чиглэлээр сурч, ажиллахаар төлөвлөж буй залууст мэргэжлийн чиг баримжаа олгоход чухал ач холбогдолтой хэмээн судлаачид дүгнэжээ. Стандартын шинэчилсэн хувилбартай танилцахыг хүсвэл Аялал жуулчлалын хөгжлийн төвийн цахим номын санд зочлоорой.