Манай нэрт зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 115, бидний бага насны эрхэм сайн танил Америкийн нэрт зохиолч Теодер Драйзерийн 150, Оросын их зохиолч Ф.М.Достоевский болон Оросын их яруу найрагч Николай Некрасовын 200 жилийн ой гэх мэт түүхт олон үйл явдал энэ жил болж буй. Үүнтэй холбогдуулан их зохиолч Д.Нацагдоржийн гэр музей хаачив гэдэг асуудлыг хөндөж байна.
Оросын их утга зохиол ямагт ард түмэнтэйгээ ойр, амьд байдгийн учир шалтгаан нь гэр музейг яг байгаагаар нь хадгалж, түүхэн дурсгалт газруудыг нь хэвээр үлдээж, гүн хүндэтгэлийн газар болгосонтой холбоотой. Үүний дээр жил бүр ойг нь өндөр ач холбогдолтой тэмдэглэдгийг бид бүхэн сайн мэднэ. Энэ жил Ф.М.Достоевский болон бусад зохиолчийн том ойг улс төр болон олон нийт өндөр хэмжээнд тэмдэглэж байна. Гэтэл их зохиолч Д.Нацагдоржийн 115 жилийн ойг Төв аймагт л ор нэрийн төдий тэмдэглэж, “Миний нутаг” шүлгийн уран уншлага төдийхнөөр зохион байгуулж өнгөрлөө. Ардын хувьсгалын түүхэнд хийсэн соёлын нэг том ажил гэвэл их зохиолчийн гэр музейг байгуулж, хүүхэд, залуучуудын очих дуртай газрын нэг болсон явдал юм. Гэвч үүнийг үүрд устгасан бололтой. Энэ нь жижигхэн юм шиг мөртлөө тун харамсалтай явдал. БНМАУ-ын Төв болон Монгол Улсын Түүхийн, Байгалийн, Хувьсгалын музейнүүд ор мөргүй алга болсон. Тэгвэл Д.Нацагдоржийн гэр музейг устгах юу ч биш бололтой. Үүнийг яагаад Монголын ард түмэн асууж сураглаж тэмцэхгүй байгаа юм бэ.
Анх ЗСБНХУ-ын Элчин сайдын өндөр яамыг барихад тэнд Д.Нацагдоржийн амьдарч байсан модон байшин гэр нь байжээ. Уг байшинд СССР улс гүнээ хүндэтгэлтэй хандаж, байшинг зөөж нэг газар тавья, оронд нь хоёр давхар гэр музей барьж өгье гэсэн боловч манайхан яагаад ч юм нэг давхар музей Зөвлөлтийн хөрөнгөөр барьсан байна. Нөгөө байшинг Зохиолчдын хорооны аж ахуйн хашаанд аваачиж барьсан нь одоо хүртэл байдаг сурагтай. Их зохиолчийнхоо түүхэн ач холбогдлыг ихэд бууруулсан. Тэгвэл их зохиолчоо аажим аажмаар сурах бичгээс зайлуулав. Улмаар сурах бичгээ ч бас устгасан тухай УИХ-ын дарга болон МУИС-ийн ректор асан буурал С.Төмөр-Очир гуай саяхан харуусан мэдэгдэв.
Д.Нацагдоржийн музейг газартай нь, байшинтай нь, үзмэртэй нь хулгайлжээ. Мөн Монголд Сталины болон Лениний ховорхон хоёр хөшөө байсан. Сталин Монголд буруу юм хийсэн байлаа ч Сталины хөшөө буруу юм хийгээгүй. Лениний хөшөө ч, Ленин ч Монголд буруу юм хийгээгүй. Д.Нацагдоржийн гэр музейг төдийгүй Монголын их утга зохиолыг устгасан гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл түүхийн гэрч баримтгүй нүүдэлчид гэж нүцгэн амьтас болж хувирсан юм. Дөнгөж саяхан гэрээсээ гараад явсан юм шиг юм хум нь болон ном нь эмх цэгцтэй байдаг А.С.Пушкин, М.Ю.Лермонтов нарын аугаа их зохиолчид төдийгүй ЗХУ-ын үеийн жирийн зохиолчдын гэр музей амьд түүх болон үлджээ. Оросын ямар ч засаглал түүнийг хөнддөггүй, улсаас их дэмжиж тусалдаг, зохиолч үхсэн ч утга зохиол нь амьд байдаг. В.Путин Оросын уран зохиолын сурах бичгийг гайхалтай сайхан баяжуулсан. Хуучны уламжлалт утга зохиолыг болбол хадгалж үлдсэн, мөнгө хөрөнгө их ч зарж байна.
Халхын голын 80 жилийн ойг хийхэд олон сая ам.долларыг кино хийхэд зориулсан. Бид их утга зохиол түүний гэрч баримтгүй болж байгаа нь нүүдэлчид сөнөж мөхөж, сөнөөж мөхөөж байгаагийн нэг жишээ юм. Монголыг сөнөөх хөнөөх хэдэн зуун мянган гадаадын тонон дээрэмдэгчдийн төсөл дотор Монголын их зохиолч Д.Нацагдоржийн болон бусад олон зохиолч Монголын утга зохиолын үнэт сан хөмрөгийг хэрхэн аврах тухай юу ч байхгүй. Харин гадаадын харгис дээрэмчид, харгис үзэл суртлыг дэмжсэн төсөл мөн ч их. Аугаа их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 115 жилийн ой чимээ аниргүй өндөрлөж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.ЭРДЭНЭБААТАР