Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу нэвтрэх товчооны ойролцоо үхрийн ширэнд ариутгалын бодис шингээн тавьсан зураг олон нийтийн сүлжээнд өчигдөр түгэн, иргэдийн инээд, бухимдлыг төрүүлэв. Тэгвэл энэ талаар Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрынхнаас тодруулахад “Одоогоор манай аймаг руу орох, гарах замд үхрийн шир тавиагүй. Гэхдээ өмнө нь малын халдварт өвчин дэгдэх үед автомашины дугуйгаар халдвар дамжих эрсдэлээс сэргийлэн, ширэнд ариутгалын бодис шингээн ашигласан” гэв. Харин Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрынхан “Үхрийн ширэнд ариутгалын бодис, давс шингээн гурван байршилд тавьсан. Эсгий, зулхай зэрэгт бодис шингээн хэрэглэж байсан ч амархан тасарч, урагддаг учраас ширийг сонгосон. Мал эмнэлгийн газар хүн хүч багатай, ажлын ачаалал их бөгөөд зам, товчоодод ариутгалын ажилтан ажиллуулах боломж алга” гэлээ. Ийм аргыг зарим орон нутагт 2017 онд шүлхий гарах үеэр, өнгөрсөн жил коронавирусээс сэргийлэх зорилгоор Алтанбулаг боомтод ашиглаж байжээ.
Бэлтгэсэн С.Дулам