Уул уурхай, эрдэс баялаг, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр ажилладаг зарим төрийн бус байгууллага нэгдэн, “Шилэн данс хөдөлгөөн” эвсэл байгуулснаа өчигдөр мэдээлэв. Тус эвслээс төсвийн төлөвлөлт хэлэлцүүлэг хийх, батлагдах явцад иргэд, иргэний нийгмийнхний оролцоог хангахыг шаардаж буйгаа мэдэгдлээ. Түүнчлэн төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулах хуулийн шаардлагыг хангуулж, төсвийн зарлагын хяналтын дэд хорооны үйл ажиллагааг нягталж хэвших, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын дэргэд ч иргэдийн хяналтын шаталсан бүтэц бий болгохыг шаардаж буйгаа илэрхийлсэн юм. Сүүлийн жилүүдэд үрэлгэн төсөв батлан, тендерүүдийг ашиг сонирхлын зөрчлөөр шалгаруулж буйг дээрх эвслийнхэн онцлоод шилэн дансаа хөтөлдөггүй, эсвэл дутуу хөтөлж байгаа байгууллагад хүлээлгэх хариуцлага хангалтгүй байна гэв. Тэд шаардлагуудаа холбогдох байгууллагууд руу нь илгээх аж.
Бэлтгэсэн С.Дулам