Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумын заагт орших Холбоо нуур болон мөнх цаст Дөш уулаас эх авдаг, Монгол орны Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах голуудаас хэмжээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг Булган голоос судлаачид дөрвөн зүйлийн нэн ховор загас илрүүллээ. Тухайн бүсэд 12 зүйлийн загас бүртгэснээс дөрөв нь нэн ховор, Монгол орны өөр гол, нуурт байдаггүй бодгаль байжээ. Тодруулбал, Монголын “Улаан ном”-д багтсан шаргал үхэрдэй, бүс нутгийн хэмжээнд нэн ховор статустай зүүнгарын сугас, ердийн гүрц, алтлаг хэлтэг зөвхөн Булган голд л бий. Харин бусад гол, нуурт түгээмэл байдаг загаснуудаас алгана, булуу цагаан, улаан нүдэн, нүцгэн жараа, шивэр гүрц, шивэр сахалт, шивэр сугас, шивэр чимхүүр байдаг аж.