Цар тахлын улмаас БНХАУ-ын тал Эрээн боомтоо хаагаад бараг хоёр сар өнгөрлөө. Манай улсын импортын бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь дамждаг эл боомт хаагдсанаар барааны хомсдол, үнийн өсөлт зэрэг олон асуудал тулгараад байна. Энэ он гармагц л Тянжинь боомтод Монгол руу тээвэрлэх чингэлэг гацан, ачаа эргэлт саатсанаас асуудал эхэлсэн. Улмаар өнгөрсөн зургадугаар сард Монголын талаас урд хөрш руу нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдийг халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар тоог нь цөөрүүлсэн. Өдөрт дунджаар 350 автомашин зорчдог байсныг 50-60 болгон бууруулснаар манай улсын тээвэр ложистик, өргөн хэрэглээний барааны хангамжид доголдол үүссэн билээ. Засгийн газраас Замын-Үүдийн нөхцөл байдлыг сайжруулах дарга нар томилон, ариутгалын шинэ хаалга суурилуулаад ч үр дүнд хүрээгүй. Ачаа зөөх тээврийн хэрэгслийн тоо жирийн үеийнхээс хэд дахин цөөн хэвээр байсан. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 14-нд Эрээнд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр автомашины хөдөлгөөнийг бүр хязгаарласан билээ.
Урд хөршөөс маш тодорхой буюу Монгол Улс халдвар хамгааллын дэглэм сайн мөрдөх, боомтын “ариун цэврийг” сахиулах талаар удаа дараа шаардлага тавьж байсан ч манай албан тушаалтнууд биелүүлж чадаагүй. Засгийн газрын засан тохинуулах дарга нар очоод ч тусыг эс олсон юм. Үүнийг шийдвэрлэх зорилгоор хоёр улсын хилийн тэг цэгээс чингэлэг тээврээр ачаа солилцох зөвшилцөлд хүрсэн гэж албаныхан удаа дараа мэдэгдсэн ч үр дүн гараагүй. Ерөнхий сайд болон Шадар сайд урд хөршийн албан тушаалтнуудтай цахимаар хуралдан, “Импортын барааны гацалтыг арилгах ийм, тийм арга хэмжээ авлаа, удахгүй хэвийн болно” гэсэн ч талаар өнгөрсөн юм даг. Гэтэл хоёр чингэлэг ачааг Эрээнээс оруулж ирсэн тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын уржигдрын мэдэгдэл иргэдийн нүдэнд баярын нулимс хуруулах шахав. “Түншүүддээ мөнгөө төлөөд, түгжүүлж орхисон бараа маань ирлээ” гэлцэн баярлацгаасан. Гэтэл тэр нь хоосон чингэлэг байжээ. Тодруулбал, чингэлэг тээврийг эхлүүлэх бэлтгэл ханган, өргөж, буулган, зөөж үзсэн нь тэр гэнэ, арай ч дээ. Хоёр сарын дараа дөнгөж л уржигдар чингэлэг тээврийн туршилтыг амжилттай хийлээ. Баярлах уу, гомдох уу, бүү мэд. Тэгвэл Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өчигдөр “Маргаашаас Эрээн-Замын-Үүд хоорондын ачаа тээврийг эхлүүлнэ. Хил хаахаас өмнө Эрээн рүү орсон байсан 150 автомашины ачааг юуны түрүүнд нэвтрүүлнэ. Түүнчлэн чингэлгээр өдөр өнжихгүй бараа татаж эхэлнэ. Шаардлагатай туршилт амжилттай болж, талууд зөвшилцөлд хүрсэн” гэлээ.
Уг нь БНХАУ-ын талаас манайд тавьж буй шаардлага нь хүнд биш. Халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталсан бүсэд чингэлэг солилцъё, стандартын шаардлагад нийцсэн ариутгалын хаалга суурилуул гэх зэрэг л юм билээ. Гэтэл манайхан үүнийг ч хэрэгжүүлж чадалгүй мунгинасаар хэдэн сарын нүүр үзэв. “Ачаа бараагаа татаж авна, удахгүй” гэж дарга нар өчнөөн амласан. Гэсэн ч өдий хүртэл биелээгүй л байна. Ямартай ч хоосон чингэлэг явуулж туршлаа, “хоолтой” нь хэзээ ирэхийг харж байж л итгэх үлдлээ.