Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилтийн дэмжлэг олгох Улсын уралдааны дүн гарлаа. 2021 оны улсын аваргын шалгаруулалтад Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн байна. Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах уралдааны шүүгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС профессор Г.Батхуяг, Дриймерс нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Золзаяа нар ажиллаж, шүүгчдийн нийлбэр оноогоор дараах багууд шалгарлаа. Нэгдүгээр байрт "ART rect" баг Ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөөр, хоёрдугаар байрт "Хурын шим" баг Монгол сармис үр үржүүлгийн төслөөр, гуравдугаар байрт "Хөрсгүй тариалалт" баг Хөрсгүй тариалалтын гурвалсан технологийн төслөөр тус тус шалгарлаа. Шилдэг, шинэлэг санаагаараа өрсөлдсөн бүх багт баяр хүргэе.