Үндэсний статистикийн хорооноос хүн амын цаг ашиглалтын судалгааныдүнг өчигдөр танилцууллаа. Уг судалгааг дөрвөн жил тутам зохион байгуулдаг бөгөөд хүн амын амьдралын хэв маяг, өөрчлөлтийг тодорхойлох зорилготой аж. Монгол Улсын 12 болон түүнээс дээш настай иргэд хоногт дунджаар 9.2 цагийг унтахад зарцуулдгийг судалгааны үр дүнд тогтоосон байна. Тэр дундаа 12-17 насныхан хамгийн их буюу хоногийн 9.9 цагийг унтаж өнгөрөөдөг. 40-59 насныхан өдөрт дунджаар 8.9 цаг унтаж байгаа нь хамгийн багад тооцогджээ. Тэгвэл 12-оос дээш настай иргэд өдөрт дунджаар хоёр цагийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахад зарцуулдаг байна. Харин дасгал хийхэд ердөө зургаан минутыг зориулдаг аж. Мөн сурч боловсроход өдөрт 38 минут зарцуулдгийг тогтоожээ.
Хөдөлмөр эрхлэлтэд нас, хүйс, хот, хөдөөгийн ялгаа нэлээд ажиглагдсан гэнэ. Тухайлбал, охид, эмэгтэйчүүд гэрийн ажил хийх, хүүхэд, хөгшдийг асрах зэрэг ямар нэгэн цалин хөлсгүй хөдөлмөрт өдөрт дунджаар 4.7 цагийг зориулдаг. Харин эрчүүдийн хувьд эл үзүүлэлт хоёр цаг байжээ. Цалин хөлс авдаг, албан ёсны хөдөлмөр эрхлэлтийн тухайд 15-аас дээш насны иргэд өдөрт дунджаар зургаан цаг ажил хийж байгаа нь эл судалгаагаар тодорхой болжээ. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхэлсэн цаг нь эрэгтэйчүүдийнхээс илүү байгааг тогтоосон гэнэ. Жишээ нь, эрэгтэйчүүд өдөрт дунджаар 5.9, эмэгтэйчүүд 6.2 цаг хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүн гарсан байна. Нийслэлийн иргэд улсын дунджаас илүү буюу өдөрт дунджаар 8.7 цагийг ажилдаа зарцуулдаг. Аймгийн төвийнхний тухайд уг үзүүлэлт 7.1, сумын иргэдийн хувьд зургаан цаг байжээ. Цаг ашиглалтын судалгааны зарим үр дүнг доор үзүүллээ.
Бэлтгэсэн М.Оч