Дондогийнх бусдын нүдэнд туйлын хөдөлмөрч, аж ахуйч, анхиатай айл мэт харагдана. Жил болгон ёс юм шиг гэрийнхээ тавилга хэрэгслийг сольж, шинэчилнэ. Түүндээ хөрөнгө мөнгө хайр гамгүй зарцуулна. Өрхийн гишүүд нь ч борви бохисхийлгүй ажиллаж, бужигналдана. Гэвч энэ айлын гаднах байдал ундуй сундуй. Үерийн ус гэрийг нь хэзээ мөдгүй “хамаад явчихаар” эрсдэлтэй, уулын сайр газарт гэрээ төвхнүүлсэн нь айл саахалтынхных нь санааг ихэд чилээнэ. Харин тэд үүнийг юман чинээ тоохгүй. Гэрээ л өнгөтэй өөдтэй, тохитой харагдуулах гэж юу юунаас илүү хичээнэ. Буурь сэлгэх боломжгүй учраас ядаж үерийн далан, шуудуу татаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ойр дотныхон нь тэдэнд сайн санааны үүднээс зөвлөх аж. Гэвч гэрийн эзэд түүнийг үг гэж ойшоохгүй, үгүйсгэсээр өнөөдрийг хүрчээ. Энэ талаар ярьсан хүмүүсийг “Муу ёр зөгнөлөө. Айлын дотоод асуудалд оролцлоо” хэмээн шүүмжилж, муу үзэх байдалтай. Саяхан тэд гэр бүлийнхээ хэмжээнд энэ асуудлыг хэлэлцэж, зөвлөлдөх аядсанаа мөн л хойш тавьжээ. Болоогүй зүйлийн төлөө шаналж, мөнгө үрэх хэрэггүй хэмээн олонх гишүүн нь үзсэнээс тэр гэнэ. Ингээд Дондогийнх эрсдэл, аюултайгаа эвлэрэн амьдрах замыг сонгожээ. “Ганган”, тохилог гэр нь нэг л өдөр үерт урсан одох нь цаг хугацааны асуудал болов. Өөрсдөө ч эрүүл мэнд, амиараа хохирч болзошгүй нь.
Уншигч танд энэ түүх танил санагдаж магадгүй. Учир нь энэ бол нийслэл хэмээх их айлд тулгамдсан асуудал. Энэ айлд “толгой” хоргоддог бүх хүнд хамаатай зүйл. Анх тооцоолж, төлөвлөснөөс хэд дахин их ачаа үүрсэн Улаанбаатарын бодит төрх өнөөдөр яг л Дондогийнх шиг байна. Хүн амын төвлөрөл, суурьшлын бүсийн тэлэлт дээд цэгтээ тулсны гороор, хотыг хөгжүүлэх, гэр хорооллын янданг бууруулж, орон сууцжуулах бодлого баримталсны үр дүнд барилгын салбарынхны халдаагүй газар, хүрээгүй цэг үлдсэнгүй. Тусгай хамгаалалттай бүс, голын ай савуудаа хүртэл түрж, барилга барин, зам тавих болов. Үүний уршгаар нийслэлчүүд Туул голын “ниргээнд” нийтээрээ өртөж, хохирч болзошгүй эрсдэл үүсээд байна. Тавьсан зам, барьсан барилга гээд бүтээж, төвхнүүлсэн бүхэнтэйгээ усанд автах аюул ойртлоо. Бодит нөхцөл байдлыг уншигчдад илүү ойр буулгах үүднээс нийслэлийг дээрх айлаар жишээлэв.
Туул гол үерлэвэл нийслэлд үлэмж хэмжээний хохирол учирч болзошгүй, ийм эрсдэл ойрхон бий талаар усны салбарын судлаач, мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд нэлээд ярих болсон. Өнгөрсөн жил гэхэд нэг судлаачийн “Туул гол үерлэвэл хотын төв, гэр хороолол гэлтгүй бүгд усанд автана” гэсэн агуулга бүхий гарчигтай ярилцлага цахим сүлжээнд түгэхэд олон нийт газар хөдлөлтийн адилаар хөнгөн зугаа, инээд наргиан болгоод өнгөрсөн юм даг. Гэтэл зөвхөн энэ голтой холбоотой асуудлыг хариуцдаг, мэргэжлийн байгууллага болох Туул голын сав газрын захиргааныхан ч үерийн эрсдэл нэмэгдсэнийг хэлж, анхааруулах боллоо. Сүүлийн жилүүдэд Туул гол үерийн аюултай түвшин давж, улаанаар эргэлдэх давтамж нь эрс олширсон гэнэ. Өнгөрсөн зун гэхэд нийслэл орчимд үерийн түвшнийг 10 гаруй удаа давж (зургаан удаад нь 50 см-ээс дээш), онцгой байдлын аврагчдыг ажил ихтэй байлгажээ. Үүнд үндэслээд тус газрын мэргэжилтэн, судлаачид, нийслэлийн Онцгой байдлын газрынхан үерийн эрсдэлийн үнэлгээ, зураглалыг дахин боловсруулах чиглэлд анхаарч эхэлсэн гэнэ. Үерийн хамгаалалтын даланг хүчитгэх, гол дагуу зөвшөөрөлгүй суурьшсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх гээд болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авах шаардлага хэдийн үүссэн. Гэвч хотын өмнөх болон одоогийн удирдлага үүнийг авч хэлэлцсэнгүй. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид ч энэ асуудлыг үл ойшоов. Яг л дээрх айлынхан шиг “Болоогүй зүйлийн төлөө сэтгэлээ чилээгээд яах вэ” гэж хайнга хандсаар ирэв.
Хотын захирагч Д.Сумъяабазар үерийн эрсдэлийг бууруулах бус, нэмэгдүүлэх ажлуудыг идэвхтэй дэмжин, өрнүүлсээр байна. Туул голын эрэг дагуух хэсгийг тохижуулах, зам тавих ажлыг нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар гүйцэтгэж буй компанийнхан 50 гаруй жил нийслэлчүүдийг үер усны аюулаас хамгаалсан хуучин даланг сэтэлж, зарим хэсгийг нь нураан, өндрийг нь “таначихлаа”. Энэ талаар дуугарах хүн өдрийн од шиг ховор. Голын эргээс хэдхэн алхмын зайд “Бага тэнгэр сити” гэх зэрэг тансаг зэрэглэлийн үнэтэй хотхонууд шил шилээ даран босох болов. Нийслэлчүүдийг үерийн эрсдэлээс хамгаалах гол байгууламжийг толгой мэдэн нураалгаснаа ойр хавьд нь амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх талбай, орон сууц бариулж, иргэдийг шавааралдуулах нөхцөл бүрдүүлээд буйн цаад шалтгаан юу вэ. Үүнийг хотын мээрээс асуумаар байна.
Туул голын үерийн эрсдэлийг бууруулах, үүнээс сэргийлэх дорвитой арга хэмжээг ирэх онд авч хэрэгжүүлэхгүй нь тодорхой. Ийнхүү итгэлтэй хэлж буйн шалтгаан нь 2022 оны төсөвт энэ чиглэлийн ажилд мөнгө хуваарилаагүй. Үерийн даланг хүчитгэх, нэмж байгуулах, эрсдэлийн үнэлгээ, зураглал хийх хэрэгтэй гэсэн ажлын санал, дүгнэлт холбогдох байгууллагууд гаргаж, үүнд ойролцоогоор 1-2 тэрбум төгрөг шаардлагатайг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан боловч тэд үүнийг яаралтай хийх ажил биш гэж үзэн, хойш тавьсан юм. Зам, замын байгууламжийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ-д тэрбум, тэрбум төгрөг гар таталгүй төсөвлөсөн атлаа амьдарч буй хотоо, иргэдээ аюул эрсдэлээс хамгаалахад “гол цохив”.
Төсөв хэлэлцэх үеэр П.Ганзориг тэргүүтэй цөөн төлөөлөгч “Үер хэзээ ч болж магадгүй. Эрсдэлд бэлэн байх ёстой. Энэ ажлыг хойшлуулж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, энэ асуудлыг хөндсөний үр дүнд 500 сая төгрөг төсөвт тусгуулсан. Нийт шаардагдах зардлын дөрөвний нэгийг хуваарилсан гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн үерийн хамгаалалтын далангийн зураг төслийг шинээр боловсруулахад зарцуулах мөнгө. Өөрөөр хэлбэл, бодит бус, цаасан дээр хэрэгжих ажлын зардал. Энэ зураг хэзээ биежиж, ажил болох нь бүрхэг. Тэгэхээр нийслэлчүүдэд Дондогийнх шиг аюул, эрсдэлтэйгээ эвлэрэн амьдрахаас өөр сонголт үлдсэнгүй. Газар хөдлөлт, үер усны гамшигт ээрүүлсэн “ганган” хот хэзээ хүнд сорилттой нүүр тулахыг таашгүй. Тэр үед энэ их барилга, бүтээн байгуулалтууд ямар гавьяа байгуулж, нөлөө үзүүлэхийг төсөөлөхөд бэрх. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид ирэх жилүүдэд Туул гол үерлэхгүй гэж бат итгэсний шалтгаан юу вэ. Эсвэл дүн өвлөөр үер усны асуудал ярих нь тэдэнд сонин биш байв уу. Уг нь бид тулгамдсан, хоолойд тулсан, ялангуяа гамшигтай холбоотой асуудлыг хэзээд нэн тэргүүнд тавьж, хайруу өвлөөр ч, ногоон зунаар ч ярьж байх ёстой юм.
1966 онд Туул болон Дунд гол нийлсэн их үер болж, нийслэлчүүдийг бажгадуулсан тухай хүмүүс одоо ч ярьдаг. Дараа нь 1982 онд мөн эргээ халин үерлэж, хотынхныг сандаргасан ч 16 жилийн өмнөхийн хэмжээнд аюул дагуулаагүй гэдэг. Үүнээс хойш Туул гол харьцангуй тайван, нийтийг хамарсан аюул, эрсдэл учруулаагүй аж. Гэхдээ цаашид ч ийм байна гэсэн үг огтоос биш юм. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй статистик, мэдээлэл, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгаль орчны доройтол, экосистемийн хэлбэлзэл энэ нөхцөл байдлыг улам барьцгүй, аюултай болгож байна. Гагцхүү бид “гэр”-ийн доторх төдийгүй гадаах орчноо тохижуулж, аюулгүй болгож, эрсдэлд бэлэн байх л ёстой аж.
Бэлтгэсэн Ж.Сувд