Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээс хүлээгдэж буй үр дүнг өнөөдөр хүний эрхийг хамгаалагчид танилцуулсан юм. Энэ үеэр “Хил хязгааргүй” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайханаас нийгэм, эдийн засаг, соёлын талаар ирүүлсэн зөвлөмжийг тодруулснаа хүргэе.
-НҮБ-аас Монгол Улсад 170 гаруй зөвлөмж ирсэн гэсэн. Эдийн засаг, нийгэм, соёлтой холбоотой хэчнээн зөвлөмж ирүүлсэн бэ?
-Манай улсад нийт 170 зөвлөмж ирснээс 150-ийг нь хүлээн авсан. Ер нь зөвлөмжийг хүлээн авахгүй байх эрх бидэнд байдаг учраас 20 зөвлөмжийг Засгийн газраас хүлээн авч, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Тиймээс 150 болж байгаа юм. Үүнээс 15 нь эдийн засаг, нийгэм, соёлтой холбоотой зөвлөмж байна.
-Эдийн засаг нийгэм соёлтой холбоотой зөвлөмжүүд урьд өмнөх зөвлөмжүүдээсээ юугаар өөр байв?
-НҮБ-ын хуралдаанд суусан 25 улс уг зөвлөмжийг боловсруулжээ. Өмнө нь ирүүлж байсан зөвлөмжүүд ерөнхий, хэмжих болохооргүй байсан бол энэ удаад илүү бодитой, тодорхой болгож өгсөн байна. Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн хүрээнд хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүйг уриалж буй.
-Зөвлөмжийн гол агуулгын тухайд?
-Уул уурхайгаас олсон ашгаа ядуурлыг бууруулахад зарцуулахыг зөвлөжээ. Мөн байгалийн нөөцийг ашиглахдаа нийгмийн хөгжлийг сайжруулахгүй, ядуурлыг арилгахад чиглүүлэхгүй ашиглахгүй байх. Хүний эрхийн болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийсний эцэст байгалийн нөөцийг ашиглах төслийг хэрэгжүүлээч гэсэн зөвлөмжийг ирүүлжээ.
Түүнчлэн сүүлийн үед дэвшилтэт технологи хурдтай нэвтэрч буй тул бүх зүйл цахим руу шилжиж байна. Тиймээс эмзэг бүлгийг энэ шилжилтэд хэрхэн хамруулахыг тооцох шаардлагатайг анхаарахыг зөвлөмж өгсөн.
-Иргэний нийгмийнхэн эдгээр зөвлөмжид ямар хүлээлттэй байна вэ?
-Эдгээр зөвлөмжийн хүрээнд төрөөс зорилтот бүлэгтээ хүрсэн бодлого боловсруулаач. Улсын төсвөөс тэдгээр иргэдэд зориулсан мөнгө, халамж яг эзэндээ хүрдэг байгаасай. Мөн эмзэг бүлэгт зориулсан бодлого боловсруулахдаа тухайн бүлгийн төлөөлөлтэй зөвлөлдөж гаргаж байх гэх мэтчилэн хүлээлттэй байна. Ингэснээр хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүйгээр урагшлах боломжтой болно.
-Энд малчид, залуучуудын дунд ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ сайжруулах зөвлөмж иржээ. Уг нь манай улс 70 сая малтай биш билүү?
-Сүүлийн 10 жилийн ядуурлын судалгаагаар хөдөө ядуурал их байгааг тогтоосон. Тэр дундаа малчдын ядуурлын түвшин гүнзгийрсэн. 70 сая малтай ч малчдад чиглэсэн бодлого алга. Түүхий эдийнх нь ашиг малчдадаа очихгүй, дундаас нь ашиг хүртэж байгаа асуудал байна. Энэ мэтчилэн нийгмийн бүлэг бүрт хүрсэн оновчтой бодлого зохицуулалт байхгүйгээс ядуурал арилахгүй байгаа юм.
Нийгэм, эдийн засаг, соёлтой холбоотой НҮБ-аас ирүүлсэн зөвлөмж:
1. Эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хангах талаар үргэлжлүүлэн анхаарч ажиллах/Кувейт/
2. Ард иргэд, тэр дундаа нэн эмзэг бүлгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд халамж, нийгмийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн бэхжүүлэх/Вьетнам/
3. Тогтвортой хөгжлийн 2020 оны хөтөлбөрийг холбогдох чухал зорилтыг биелүүлэхийн тулд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн салбар хоорондын хэрэгжилтийг бэхжүүлэх/Куба/
4. Ашигт малтмалын үйл ажиллагааны зөвшөөрөл олгох үйл явцад хүний эрх, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, төслийн нөлөөлөлд өртөх бүх хүнийг үнэлгээний үйл явцад үр дүнтэй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх/Чили/
5. Салбар дундын байгаль орчинд тулгамдсан асуудал, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулахад шаардлагатай хууль, эрх зүйн орчинг бий болгож, бэхжүүлэх хүчин чармайлтыг эрчимжүүлэх /Фижи/
6. 2019 онд батлагдсан Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж, Монгол Улсын үндэсний хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан байдлыг хангахын тулд авилгатай тэмцэх чиглэлээрх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх /Индонез/
7. Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхүүдэд хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээгээ үргэлжлүүлэх /Мьянмар/
8. Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг сайжруулж иргэдийн эдийн засаг, нийгэм соёлын эрхийг бодитой хангах чиглэлээр улам бүр хүчин чармайлт гаргах /БНАСАУ/
9. Ядуурлын түгшингээ доогуур амьдарч байгаа бүлэгт нийгмийн халамж үзүүлэхэд чиглэсэн бодлогыг үргэлжлүүлэх /Оман/
10. Иргэдийн зохистой орон байраар хангагдах эрхийг баталгаажуулахад онцгой анхаарч, ядууралтай тэмцэх, нийгмийн даатгалыг сайжруулах чиглэлээр илүү их арга хэмжээ авч хэрэгжүүлэх /Польш/
11. Ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд нийгэм, эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих /БНХАУ/
12. Малчид, залуучуудын дунд ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ сайжруулах /Мьянмар/ зэрэг зөвлөмжийг ирүүлжээ.