Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Яньжүн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж ажиллав. Энэ үеэр чингэлэгтэй ачаа ачих-буулгах болон хилийн дундын бүсийн чингэлэг байрлуулах талбайн бүтээн байгуулалт, бэлтгэл хангагдсан байдал болон чингэлэг ачигч техник /калмар/-ийн туршилт гүйцэтгэж, Эрээн боомтоос хоёр чингэлэг хүлээж авах туршилтыг хятадын талтай хамтран амжилттай зохион байгуулав. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагджээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ талаар "Туршилт амжилттай болсон учир маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид "Ковид-19" халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана. Одоогоор Эрээний талд гарсан байгаа 150 машин байна. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Туршилт хийсэн учир логистик дээр туршсан хоёр чингэлгийн хувьд ачаатай байсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг байхгүй. Монголоос л хамааралтай даалгавар байна" гэв.
Харин Солонгосоос ирж байгаа карго Тяньжин дээр саатсан гэнэ. Нийт 4800 гаруй чингэлгийг татах шаардлагатай. Өдөрт гурван чингэлэг татаж буй ч хоёр чингэлэг тогтмол нэмэгдэж байгаа аж.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирус илэрсний улмаас 2021 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс хойш Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөн зогссон бөгөөд хятадын талын хөл хорионы дэглэм суларсан даруй тус боомтыг нээх яриа хэлэлцээ явуулж, айлын талтай идэвхтэй хамтран ажилласан.
Эрээн хотын Ардын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг чингэлэгтэй тээврээр зохион байгуулах санал ирүүлсэн бөгөөд талууд 2021 оны аравнэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 20 хоног бэлтгэл хангаж, боомтыг нээж ажиллахаар тохиролцоод байсан. Гэтэл хятадын талын бэлтгэл дуусаагүй байгаа тул нээх хугацааг түр хойшлуулаад байв.