Боксын түүхэнд дүрэм нь нэг бус удаа өөрчлөгдөж байсны ихэнх нь эмгэнэлтэй явдалтай холбоотой. 1982 оны арваннэгдүгээр сард мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөө тулаанд БНСУ-ын тамирчин Ким Дук Куд тохиолдсон явдал үүний нэг нь болсон юм. Тэрбээр Америкийн Рэй Манчинитай тулалдах үедээ толгойдоо гэмтэл авч, улмаар амиа алдсан нь олон нийтийг ихээхэн цочроожээ. Дук Ку-гийн ээж болон уг тоглолтыг шүүсэн хүн амиа хорлосон нь үүнд бүр ч нэрмээс болжээ. Рэй Манчини ч сэтгэлийн дарамтад орсон байна.
Ким Дук Ку 1959 онд Кован нутагт төржээ. Хүүхэд байхын нударга зөрүүлэхээс буцдаггүй, танхай, дэггүй гэгдэж байв. Ядуу зүдүү амьдралаас дайжих гэж өсвөр насандаа Сөүлд очиж гутал тослогчоос жуулчдад хэлмэрчлэх хүртэл тааралдсан ажлаа хийж явав. Нэг удаа боксын өрөөний хажуугаар санамсаргүй явж байгаад хэсэг хугацаанд зогсож харснаас хойш түүнээс салахаа байлаа. Дук Куд энэ талын авьяас байв. Байгалиас заяасан хүчтэй, дээр нь солгой байсан нь сайхан зохицол аж.
Ингээд 1976 оноос тоглож эхэлжээ. Хоёр жилийн дотор 29 удаа ялж, дөрвөн удаа ялагдсаны эцэст мэргэжлийн боксчин болохоор шийдлээ. Спортын энэ салбарын менежерүүдийн нэг нь зол болоход түүнийг хараандаа авсан байв. 1978 оны эцсээр тэрбээр мэргэжлийн боксчдын хувьд нэг их том биш тэмцээнд гурван өдрийн дотор гурван тулаан хийв. Эхний хоёрт нь ялж, сүүлчийнхэд шүүгчийн будилаантай шийдвэрээр ялагдал хүлээжээ. Энэ тэмцээнээс эхний шагналаа авч, тамирчин хүний өмсдөг аятайхан гуталтай болсон байна.
Цаашдаа түүний амжилт эрчимтэй ахижээ. 1980 онд хөнгөн жинд Өмнөд Солонгосын аварга, 1982 онд Ази, Номхон далайн боксын холбооны бүсний эзэн болов. Нэг жилийн хугацаанд цолоо гурвантаа хамгаалж, арваннэгдүгээр сард 23 настайдаа Дэлхийн боксын холбооны хөнгөн жингийн аварга, америк эр Рэй Манчинитай тоглох боломж олдлоо. 21 настай Манчинийн хувьд цолоо хамгаалах хоёр дахь тулаан байв. “Дук Ку зоригтой залуу ч Дэлхийн боксын холбооны бүсний төлөөх тулаан хийхэд тохирох хүн биш байлаа” гэж ESPN-ийн сэтгүүлч Рон Борхес бичиж байжээ. Ийнхүү солонгос тамирчин хэвлэлийн хуудаснаа ч, өрсөлдөгчдөө ч ялагдаж байв. Тэрбээр бас урьд нь 15 ээлж тоглож үзээгүй байлаа. Тэгвэл Манчини ийм тоглолт дөрвөн удаа хийчихсэн байв. Үүнээс гадна Дук Ку эх орноосоо алс хол газарт ер тоглож үзээгүй байлаа. Тоглолт АНУ-д болох ёстой. Түүний бие бялдрын байдал ч сайнгүй жингээ арайхийж барьж байв. Америкийн хэвлэлүүд ч солонгос боксчинд эргэлзэнгүй хандаж байсан юм.
Манчини өөрийн давуу байгааг анзаарсан ч тулаанд шаргуу бэлтгэж “Рингэнд дайн болно” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлсэн байна. Ким Дук Ку ч энэ тулааныг ихээхэн чухалд үзэж, сүүлчийн тоглолтоо хийх гэсэн бодолтой байлаа. Зочид буудлынхаа чийдэнгийн бүрхүүл дээр солонгос хэлээр “Амьдрал, эсвэл үхэл” гэж бичиж үлдээсэн байжээ. Үүнийг хэдэн сарын дараа хүмүүс анзаарсан гэдэг.
Тулаан Лас-Вегасын “Caesars” ордонд болж, CBS суваг шууд дамжуулж, нэртэй хөтлөгч Тим Райан, дэлхийн аварга Шугар Рэй Леонард тайлбарлажээ. Хоёр боксчин рингэнд гараад ширүүн өрсөлдөж байлаа. Дук Ку шинжээчдийн урьдчилан таамаглаж байсны эсрэг тулааныг сайн эхэлж, хэд хэдэн удаа сүрхий довтлов. Хэдийгээр тэрбээр их бие рүүгээ олон цохиулсан ч тэвчиж, тоглолтыг үргэлжлүүлж байлаа. 13 ээлжийн туршид тэд бие биенээ адилхан цохиж, хоёулангийнх нь нүд хавдаж, бие дээр нь хөх няц болсон нь зөндөөн. Хоёул ихэд сульджээ. Тоглолт дуусахад тун ойртсон нь эргэлзээгүй, харин хэн нь ялдаг бол? БНСУ-ын дасгалжуулагч Ким Юн Гу тамирчнаа зоригжуулахыг хичээн сүүлчийн цохилтоо хийхийг зөвлөнө. Нэг л цохиход Манчини унана гэж түүнд итгүүлэхийг хичээж байлаа. “Ким шүдээ зуун, толгой дохиод цохихоор ухасхийв. Ингээд л бүх юм дуусах нь тэр” хэмээн мэргэжилтэн дурссан байдаг.
Тэгтэл 14 дэх ээлжийн эхэнд толгой руугаа хүчтэй цохиулсан солонгос тамирчин гуйвснаа унаад өглөө. Хэдхэн секунд болоод тэрбээр хөл дээрээ босоод ирлээ. Гэвч шүүгч Ричард Грин нэгэнт Манчинид ялалт өгчихсөн байлаа. Харанга цохихыг сонсоод Ким дахиад л унаад өгөх нь тэр. Тэр ухаан алдсан байсан тул эмч нар дамнуурга барин ухасхийжээ. Түүнийг эмнэлэгт аваачаад даруй мэс засал хийж амьдруулахаар оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. Тэрбээр ухаан оролгүй байсаар арваннэгдүгээр сарын 18-нд амьсгал хураав. Толгойг нь сүүлчийн удаа хүчтэй шулуун цохисон нь үхлийн шалтгаан болсон гэж тархинд нь мэс засал хийсэн эмч үзсэн байна.
Энэ үйл явдал олон түмнийг цочоолоо. Хамгийн түрүүнд Дэлхийн боксын холбоо (WBC) байр сууриа илэрхийлж дэлхийн аварга цолны төлөөх тоглолтын үргэлжлэх хугацааг богиносгон 15 ээлж байсныг 12 болгохоор шийдвэрлэв. Учир нь боксчдын олонх нь сүүлчийн ээлжүүдэд л хүнд бэртэл аваад байв. Кимийн хувь заяаг ч мөн л сүүлчийн ээлж шийдсэн. Ийм шийдвэр эртхэн гаргасан бол боксын түүх огт өөр байх байсанд эргэлзэх юун. “Наад зах нь бид ринг дээр үхэл үзэхгүй байсан” гэж сэтгүүлчид бичиж байлаа. Дээрх шийдвэрийг Дэлхийн боксын холбоо (WBC), Дэлхийн боксын байгууллага (WBO) дэмжсэн байна.
Үүнээс гадна рингэнд гаргахаас нь өмнө боксчдод эмч нар урьдчилсан үзлэг хийхэд их анхаарал тавих болжээ. Урьд нь артерын даралтыг хэмжиж, зүрх нь гэнэт муудахаар байгаа, эсэхийг нь үзэх төдий байсан бол одоо зүрхний цахилгаан бичлэг хийж, тархи, уушгийг нь хүртэл үзэж, шинжлэх болжээ. Боксчдыг тоглож байхад нь анхааралтай ажиглаж, багахан ч гэсэн сэжиг илэрвэл тоглолтыг зогсоож байх заавар АНУ-ын Невадагийн спортын комиссоос шүүгчдэд өгдөг аж.
“Солонгос руугаа буцаж явахдаа би жорлонд орж түгжээд онгоц газардтал уйлсан. Спортыг бүрмөсөн хаяхыг хүсэж байлаа” гэж дасгалжуулагч Ким Юн Гу дурсан ярьжээ. Ким Дук Кугийн ээж энэ эмгэнэлт явдлыг тэсэж тэвчиж чадалгүй дөрвөн сарын дараа амиа хорлосон аж. Үүний өмнө хүүгийнхээ эрхтнүүдээс хүмүүст өгөхийг хүсэж “Ингэвэл миний хүү энэ ертөнцөд удаан амьдарч болох юм” гэж хэлсэн байна. Ингээд талийгаач бөөрний донор болж, зүрхийг нь хөндөлгүй орхижээ. Кимийн бөөрийг шилжүүлэн суулгуулахаар зөвшөөрсөн байсан өвчтөн хэсэг хугацааны дараа “Ийм хариуцлага үүрч амьдарч болохгүй” гэж шийдсэн аж. Боксчны шарилыг БНСУ-д авчирч төрөлх тосгонд нь оршуулсан байна.
Ийм юм болж байх цагт шүүгчээр ажиллаж байсан Грин амиа егүүтгэжээ. Тэгэхдээ тэрбээр ямар нэг бичиг үлдээгээгүй болохоор чухам эл үйл явдал үхлийнх нь шалтгаан болсон гэж үзэх аргагүй юм. Гэхдээ дээрх эмгэнэлт явдалд тэр өөрийгөө буруутай гэж ярьдаг байжээ. Түүний бодлоор бол 12 дугаар ээлжийн дараа тоглолтыг зогсоох ёстой байв.
Өрсөлдөгчийнхөө үхэлд Манчини ч их харамссан. Рей хэдэн сарын дараа “Би өөрийгөө буруутгах ч үгүй, зөвтгөх ч үгүй. Би одоо тулалдах талаар ер бодохгүй байна. Түүнд тохиолдсон явдал надад ч тохиолдож болно” гэж хэлсэн удаатай.
Сүүлд нь Манчини найман удаа тоглож, эхний дөрөвт нь ялж, бусдад нь ялагдсан. 1992 онд тэрбээр спортоо орхижээ. Эмгэнэлт явдлаас 30 жилийн хойно 2012 онд “Сайн хүү” баримтат кинонд өөрийн дүрийг гаргахыг Манчини зөвшөөрчээ. Киноны зохиолын дагуу Манчини өрсөлдөгч агсныхаа хүү Чи Вантай уулзсан аж. Хүү Ким эцгийнхээ амьд барааг ер хараагүй, түүнийг амьсгал хурааснаас долоон сарын дараа эхээс мэндэлжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант