Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсээр галладаг 182 зуух 73 байршилд бий гэнэ. Эдгээр нь өнгөрсөн сард дунджаар 130 мянган тонн түүхий нүүрс хэрэглэжээ. Өндөр хүчин чадалтай халаалтын ийм зуухнуудыг хэрэглээнээс халж, төвлөрсөн дулаан хангамжид холбох, эсвэл цахилгаан болон хийн халаалт нэвтрүүлэх зэргээр техникийн шийдлийг нь өөрчилснөөр агаар дахь тоосонцор 1900, хүхэрлэг хий 570 тонноор буурна гэсэн тооцооллыг БОАЖ-ын сайд өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулав. Үүнээс улбаалаад эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй, технологийн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын уурын болон усан халаалтын зуухны эх үүсвэр тус бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээг судалж, танилцуулахыг холбогдох албаныханд даалгав. Ирэх онд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг хамруулахтай холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргав. Түүнчлэн цахилгаан станц, тээврийн хэрэгсэл гэхчлэн агаар бохирдуулагч бусад эх үүсвэрээс ялгарч буй хорт бодисын хэмжээг нарийвчлан судалж, үр дүнг нь танилцуулахыг үүрэг болголоо.
Бэлтгэсэн Ж.Сувд