Баянхонгор, Баян-Өлгий аймгийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд нийгмийн даатгалын болон халамжийн сангийн хөрөнгөөс завшсан хэрэгт шалгуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Баруун хязгаарын, манай улсын нэг үндэстний төлөөлөл болсон казах иргэдийн дундаас УИХ-д сонгогдсон, өмнө нь тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Бейсен нэг хэргийнх нь яллагдагчаар татагдаад буй.
Харин Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг хуурамчаар тогтоон өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдсон. Тодруулбал, тус аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, өөрийгөө ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хэмээн хоёр жилийн хугацаатай групп тогтоосон байдаг. Уг албан тушаалтан зөвхөн өөртөө магадлал олгоод зогсохгүй, хамаарал бүхий хүмүүстээ ч групп тогтоон тэтгэмж олгуулж байсан хэрэгт буруутгагдаж буй. Тухайлбал, дүүгээ хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хэмээн хугацаагүйгээр групп тогтоосон бол хоёр хүүгээ хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэн мөнгө завших боломж бүрдүүлсэн үндэслэлээр шалгуулж байгаа юм. Эдгээр хэргийг хууль сахиулагчид нарийвчлан шалгахтай зэрэгцээд Баянхонгор, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон шийдвэрийг ЭМЯ-ны Мэдрэл, сэтгэц, дотор судлалын мэргэжлийн салбар зөвлөл, НДЕГ-ынхан нягталж буй.
Баян-Өлгий аймгийн нийгмийн халамж, даатгал хариуцсан албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хөрөнгө завшиж байсан хэрэгт шалгуулсан тохиолдол УИХ-ын гишүүн Б.Бейсен тэргүүтнээр хязгаарлагдахгүй. Үүнээс өмнө буюу 2013 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Баян-Өлгий аймагт ажиллаж, хуурамч баримт ашиглан халамжийн хөрөнгө завшдаг байсан төрийн албан тушаалтнуудыг илрүүлэн шалгаж байсан юм. Тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга асан Я.С, О.С, Асрамжийн газрын ажилтан О.Ф, дээрх хэлтсийн гэрээт ажилтан А.Х, тус хэлтсийн захиргааны албаны дарга А.П, Дэлүүн сум хариуцсан мэргэжилтэн Д.А нарыг эрх мэдлээ урвуулсан, хөрөнгө завшсан хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 264.2, 272.2 дахь хэсэгт зааснаар шалгаж байсан билээ. Уг хэргийн хавтсаас сөхье. Гэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэрээр мөнгө завшсан үйлдлийг нь энэ удаа онцлон уншигчдадаа хүргэе. Учир нь цаашид нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгөөс албан тушаалтнууд ямар нэг аргаар завшиж болзошгүй учраас сэрэмжлүүлэг болгох үүднээс хөндөж буйгаа тодотгоё.
АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН МӨНГИЙГ ХЭРХЭН ЗАВШИВ
Тухайн цагт хүчин төгөлдөр үйлчилж байсан Ахмад настны болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд “хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг таван жил тутам нэг удаа нөхөн олгох”, “18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь”, “18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох” гэсэн заалт байв. Уг заалтыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний (тэр үеийн нэршлээр) газрын даргаар 2008-2012 онд ажиллаж байсан Я.С ашиглан Халамжийн сангийн хөрөнгөөс 90.5 сая төгрөг завшиж, Асрамжийн газрын нярав О.Ф-ын данс болон бэлнээр гаргуулан авсан хэрэгт холбогдсон юм. Мөн Монгол Улсын харьяатаас гарсан 299 иргэнд Хүний хөгжил сангаас 139.4 сая, нас барсан 127 хүний нэрээр 17.9 сая гэх мэтээр нийт 260 сая гаруй төгрөг завшсан хэмээн шинжээчид дүгнэсэн байдаг.
Харин Баян-Өлгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн гэрээт ажилтан А.Х, дарга асан О.С А.П, Д.А нарыг ч Халамжийн сангийн хөрөнгөөс завшиж нийтдээ 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ.
Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн холбогдох заалтыг ашиглан мөнгө завшихдаа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, протез, ортопед хийдэг нэгэн аж ахуйн нэгжээс таяг, тэргэнцэр, нүдний шил их хэмжээгээр авсан байдаг аж. Энэ талаар тус компанийн захирал А.Н “Баян-Өлгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Я.С надтай уулзаад манай аймагт тэргэнцэр, таяг, харааны шилний хэрэгцээ их байна. Ийм зүйл нийлүүлдэг хүн байвал холбож өгөөч гэсэн. Эрээнд явж байхдаа дээрх зүйлийг нийлүүлдэг хүмүүстэй уулзтал “Мөнгийг нь шилжүүлбэл Улаанбаатарт хүргэж өгнө” хэмээсэн юм. Тэгээд барааг нь нийлүүлэхэд миний данс руу таяг, тэргэнцрийн төлбөрийг шилжүүлдэг байв. Гэтэл 2011 оны наймдугаар сард 32 сая төгрөг гэнэт орж ирсэн. Юун мөнгө юм бол гэж гайхаж байтал Я.С утасдаад хүүд минь бэлнээр гаргаад өгөөч гээд авхуулсан” хэмээн мэдүүлжээ. Өөр нэг гэрч нь Баян-Өлгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан ирээд хоосон баримт дээр гарын үсэг зуруулж, тамга даруулдаг байсан талаар ч хууль сахиулагчдад өгүүлжээ. Үүнээс үзэхэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр дээр хоосон баримт бүрдүүлээд мөнгө завшсан нь батлагдсан аж.
ГЭРЧ НАРТАА НӨЛӨӨЛЖ ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГҮҮЛЖ БАЙЖЭЭ
Я.С-д холбогдох хэргийг шалгаж байсан хууль сахиулагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад нэлээд олон гэрчээс тайлбар мэдүүлэг авсан байдаг. Эхэндээ тэд даргыгаа хамгаалж байсан ч өөрсдөө яллагдагчаар татагдмагц үнэнийг мэдүүлэх болжээ. Тухайлбал, гэрч А.О “Я.С дарга үнэнийг чи хэзээ ч хэлж болохгүй шүү гэж энэ хэргийн нэг холбогдогч О.Ф-д хэлж байсан” гэсэн бол өөр нэг нь “Я.С-ийг бүх мөнгийг авсан гэдгийг мөрдөн байцаагчид хэлнэ” гэхэд тэрбээр “Тэгж болохгүй, мэдэхгүй гэж хэлээрэй” гэж байсан аж. Уг хэргийн нэг холбогдогч О.Ф мэдүүлэгтээ “Анх гэрчээр мэдүүлэг өгч байхад Я.С дарга өрөөндөө дуудаад “Тэргэнцэр, таяг, нүдний шилний мөнгийг сумуудын байцаагч нараас цуглуулан аваад нийлүүлэгч компанийн захирал А.Н-д өгсөн гэж мэдүүлээрэй. Огт үнэнийг хэлж болохгүй шүү” хэмээн загнаж байжээ.
Тэргэнцэр, таяг, нүдний шилийг сумууддаа 30-40 ширхгийг олгоод, мөнгийг нь “Халамжийн сангаас хий” гэж утсаар орон нутгийнхаа албан тушаалтнуудад Я.С үүрэгддэг байсныг, хууль зөрчиж байгааг нь сануулахад “Чи дарга юм уу, би дарга юм уу” хэмээн загнадаг тухай ч мэдүүлсэн ажилтнууд бий. Уг нь бол таяг, нүдний шил, тэргэнцэр худалдан авах, хиймэл шүд хийлгэх шаардлагатай ахмад настнууд өөрсдөө эхэлж үйлчилгээгээ авчихаад дараа нь баримтаа өргөдлийн хамтаар халамжийн байгууллагадаа өгч төлбөрийг нь гаргуулан авах ёстой байж. Харамсалтай нь, халамжийн сангийн хөрөнгийг мөнгөний нүдээр харсан дарга хууль зөрчин, таяг, нүдний шил, тэргэнцэр бөөнөөр нь худалдан авчихаад орон нутгийнхандаа олноор нь “шахан” мөнгийг нь завшсан аж.
ТАВАН ТӨРЛИЙН 2935 ШИРХЭГ ОРТОПЕДИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Я.С тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг 2014 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн нэршлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ингэхдээ Монгол Улсын харьяатаас гарчихаад хожим нь сэргээсэн нэр бүхий иргэдэд Хүний хөгжил сангаас 80-500 мянгаар олгосон нийт 38.1 сая төгрөгийг иргэний хариуцагч болсон эх орны хишиг хувь хүртсэн хүмүүсээс гаргуулахаар болсон байдаг.
Мөн мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг компаниас Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, харьяалах сумуудад нийлүүлсэн, таван төрлийн 2935 ширхэг ортопедийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Улмаар Я.С-д тав, А.Ф-д гурван жил зургаан сар, А.Х-д гурван жил хорих ял оноосон юм. Мөн тэдний нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хассан байдаг. Эл гурван хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд л тооцсон юм. Харин эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Мөн бусад холбогдогч болох О.С, Д.А нарын албан үүрэгтээ хайнга хандсан, эд хөрөнгө завшсан гэх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх дүгнэн, цагаатгасан байна.
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс бол нэрнээсээ эхлээд нийгмийн халамжийн үйлчилгээг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэнд хүргэх үүрэгтэй байгууллага атал дарга нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ урвуулж, халамжийн сангаас хөрөнгө завшсан нэгэн хэргийг шүүх ийнхүү шийдвэрлэсэн байна. Харин өдгөө хууль сахиулах байгууллагад шалгуулж буй, Баянхонгор, Баян-Өлгийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд татвар төлөгчдийн хөрөнгийг завшсан хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.