Цар тахлын улмаас БНХАУ-аас Эрээн хотдоо хөл хорио тогтоосон. Үүний хүрээнд Эрээн-Замын-Үүдийн чиглэлийн авто тээврийг хязгаарлан, ачаа эргэлтийг зогсоосон юм. Гэсэн ч улс хооронд яриа хэлэлцээр хийсний үр дүнд хилийн дундын бүсээс чингэлгээр ачаа тээвэрлэх боломж бүрдүүлснээ Засгийн газраас удаа дараа мэдээлсэн ч үр дүнд хүрсэнгүй. Улмаар энэ сарын 3-нд туршилт хийн, 5-наас нь чингэлэг солилцоно гэсэн нь ч талаар болов. Учир нь чингэлэг тээврийг эхлүүлэх бэлтгэл ажлыг манай талаас хангаагүйг эх сурвалжууд мэдээллээ. Ямар шалтгаан гарсан талаар Шадар сайд С.Амарсайхан “Хятадын талд халдвар нэмэгдсэн болохоор хилээ нээх хугацаагаа хойшлуулж буй юм билээ. Биднээс шалтгаалах зүйл бага байна” гэлээ. Харин Улсын онцгой комиссоос “Энэ талаар сайн мэдэхгүй” гэсэн бол Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй, чингэлэг тээврийг хэрхэн эхлүүлэх талаар судалж байгаа” гэв. Манай улс импортын бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг татан авдаг Эрээний боомтын авто тээврийн хөдөлгөөнийг хаагаад бараг хоёр сар өнгөрлөө.
Бэлтгэсэн С.Дулам