Шагнуулж, урамшуулал авах дургүй хүн байхгүй л болов уу. Хэдийгээр “Би шагналд дургүй” гэх ч үнэндээ бол шагнал хүний сэтгэл зүйд гойд нөлөөлдөг том хөшүүрэг, баяр баясал гэдгийг олон судлаач шинжлэх ухаанчаар нотлохоор оролдож, тархины цахилгаан бичлэг хийсэн нь ч бий. Тэгвэл татгалзмаар, бүр айж, болгоомжилмоор шагнал байдаг аж. Дарвины шагнал, Шнобел, “Алтан бөөрөлзгөнө” аль аль нь эдгээр шагналтай харьцуулах аргагүй гоё зүйл юм.
БОЛХИ, БҮДҮҮЛЭГ ДҮРСЛЭЛД ОЛГОДОГ ШАГНАЛ
Хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр, үүний нэг хэсэг болох бэлгийн дур хүслийн талаарх яриа, ном бүтээл, найраг, шүлэг уншигчдын анхаарлыг байнга татдаг “гогцоо” гэдэг. Гэхдээ үүнийг дүрслэн бичихэд онцгой урлаг, мэдрэмж шаардана. Заавал илэн далангүй, “махчлан” бичихгүй ганц, хоёрхон үгээр донжтой илэрхийлэх нь сексийн талаарх ойлголтыг “амттай” болгодог номтой. Гэтэл хүн төрөлхтний хамгийн ариун нандинд тооцдог “загас наадуулах” таашаалыг бүдүүлгээр, гутмаар, болхиор бичсэн зохиол цөөнгүй бий. Яг үүнийг эсэргүүцэн Британийн “Literary review” сэтгүүл 1993 онд санаачлан утга зохиолд сексийн талаар хамгийн муугаар дүрсэлсэн зохиолчдод шагнал олгодог болжээ. Эхний жилд уг шагналыг нэр дэвшигч бүх хүнд олгосон бол 1994 оноос нэг “ялагч” тодруулахаар шийдвэрлэсэн аж. “Чулуу бутлагчид” зохиолдоо үнсэлцэж буй тухай хамгийн болхиор илэрхийлсэн Филипп Хоук 1994 онд эл шагналыг хүртжээ. “Тэдний эрүү харилцан үрэгдэж, халуу оргиход хоёр биеэ нийлүүлэв” гэсэн дүрслэлд Британийн Шүдний эмч нарын холбооноос мөн шагнал өгсөн нь мөн л “муу” гэсэн үнэлгээг нь сануулсан хэрэг аж.
ПИГАСУСЫН ШАГНАЛ
1982 онд бий болгосон Пигасусын шагналыг шинжлэх ухааны тухай хамгийн худал, дэгс “бүтээл”-д олгодог бөгөөд санаачлагч Жэймс Ранди үл итгэгч, ер бусын хүч чадалтай хэмээдэг хүмүүсийн дундаас нэр дэвшигчийг биечлэн сонгодог аж. Уг шагнал нь хуурамч шинжлэх ухаан, шилдэг худалч, хамгийн хэрэггүй судалгаа, дээд зэргийн паранормаль хэвлэл зэрэг хэд хэдэн төрөлтэй. Стилвиа Браун гэх сэтгэцийн өвчтэй эмэгтэйг байнга оролцуулдаг Монтел Уильямсын шоу энэ шагналыг хэдэнтээ хүртсэн байдаг.
Эл шагналын хамгийн алдартай ялагч бол бодлын хүчээр халбага нугалдаг гэх Британийн иргэн Ури Геллер аж.
УХААН МУУТАЙДАА ҮХВЭЛ ШАГНАНА
Бусдын, хөндлөнгийн ямар нэгэн оролцоо, нөлөөгүйгээр, өөрөөр хэлбэл өөрийн болчимгүй үйлдэл, ухаангүй алхмаас болж хорвоог орхисон, эсвэл ийм шалтгаанаар үр хүүхэдтэй болох боломж, чадвараа алдсан хүмүүст Дарвины шагнал олгодог. Угтаа бол хүн төрөлхтний удмын санд хувь нэмэр оруулах боломжоо өөрөөсөө болж алдсаныг нь сануулах шийтгэл гэж үздэг. Египетийн нэгэн тосгоны ах, дүү зургаа худагт унасан гахайн торой аврахаар цуварч усанд ороод бүгд амиа алдсан бөгөөд энэ мэт үйл явдалд эл шагналыг заримдаа олгодог. Уг нь согогтой генийг хүн төрөлхтний удмын сангаас хасах, өөрөөр хэлбэл, хүний удмын санг хамгаалахад чиглэж 1985 онд санаачилсан шагнал боловч зарим тохиолдолд ийм “тэнэг”үйлдлээсээ болж осолдсон явдлыг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс өгдөг гэнэ. Молекулын биологич Венди Норткерт 1993 онд Стэнфордын их сургуулийн эрдэм шинжилгээний лабораторид ажиллаж байхдаа Дарвины шагналын тухай цахим мэдээллийг анх үзээд, эл шагналын тухай түүх цуглуулдаг болжээ. Тэр хуудас нь их алдаршсан тул тэрбээр Дарвин шагналын албан ёсны Darwinаwards.com-ыг өөрийнх мэтээр зарлажээ. 1999 он гэхэд В.Норткерт шинжлэх ухааны ажлаа орхиж, Дарвины шагналыг ашигтай бизнес болгов. Уг сайтад илгээсэн түүхүүдээр 2000 онд “Darwin аwards: Evolution in аction” ном хэвлүүлсэн нь олон улсад бестселлер болсон байдаг. Үүнээс хойш жил бүр ийм ном хэвлүүлдэг болсон бөгөөд 2006 онд тус сайтын материалуудад үндэслэн бүтээсэн Финн Тейлорын инээдмийн кино нээлтээ хийсэн юм.
АНХААРУУЛГА БУС, ТӨӨРҮҮЛЭХ БИЧИГ
Хачин гэхээсээ сонирхолтой, сэрэмжлүүлэг болохоор шагнал гэж бас бий. Жишээ нь, wacky warning labels буюу үгчилбэл хошин шошго гэсэн утгатай шагналыг 1997 оноос олгож эхэлжээ. Бараа бүтээгдэхүүн дээрх хэрэглэгчдэд зориулсан анхааруулга, оновчгүй шошго, тэмдэглэгээнд олгодог бөгөөд эдгээр зүйлээс болоод хэрэглэгч эргэлзэж, төөрөлдсөн, хохирсон тохиолдол түгээмэл байдагт анхаарал хандуулах зорилготой аж. Үйлдвэрлэгчид шүүхийн өмнө буруудахгүйн тулд инээдтэй мэт боловч ийм увайгүй арга заль ашигладаг нь үйлдвэрлэл, үйлчилгээний соёлд нийцэхгүй гэдгийг шүүмжлэн “Тэнэг анхааруулах шошго” гэдэг зүйл болгосон гэдгээ санаачлагч Роберт Дориго Жонс зарласан байдаг юм.
“ТОМ АХ”
“1984” нэртэй нэгэн шагнал бий. Дистопи дүрийн шагнал хэмээгддэг ийм зүйлийг Жорж Орвел үүсгэсэн бөгөөд төрийн болон хувийн нууц, эрх чөлөөг хамгийн бүдүүлгээр зөрчсөн хүмүүст олгодог юм байна. 1998 онд Британид анх олгосон нь олон улсад хурдан тархан, дэлгэрчээ. Өдгөө 18 улс эл шагналыг гардуулдаг бөгөөд голчлон улс төрийн хүрээнийхэн “өртдөг” учраас албан бусаар “Том ах”-ын шагнал гэдэг. Нэр дэвшигчдийг судлаач, эрдэмтэн, хуульч, сэтгүүлчдийн багийнхан сонгодог аж. “Google”, Владимир Путин, Тони Блэйр нар үүнийг хүртсэн байдаг.
“ТЭНЭГЛЭЛИЙН” ШАГНАЛ
Канадад 2003 онд зохион байгуулсан “World stupidity awards” шагналын уриа нь хүртэл сонирхолтой буюу “Бид бүгд тэнэг, гэхдээ зарим нь ялангуяа…”. Анхны шагналыг нь АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш гурван төрөлд нь “хамжээ”. Тодруулбал, тэрбээр террористуудын тухай “Тэд Америкт хэрхэн хор хөнөөл учруулах талаар байнга бодож байдаг. Гэхдээ бид ч мөн адил боддог” гэж хэлсэн нь хамгийн тэнэг мэдэгдэл хэмээх төрөлд “ялжээ”. “Тэнэглэлийн” шагналын өөр нэгэн эзэн нь Америкийн шүүгч Доналд Томпсон бөгөөд тэрбээр шүүх хуралдааны үеэр гар хангалга хийдэг зуршилтайгаасаа ийм “цол” хүртсэн аж. Тухайн жилийн шагналд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ир, АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейни нарыг дэвшүүлснээс Д.Томпсон тэргүүлсэн байна.
Бэлтгэсэн Э.Хана