“Science аlert” сэтгүүлд нийтэлсэн нэгэн судалгаанд дурдсанаар хүний тархи бусад эрхтнүүдээс 10 дахин их энерги зарцуулдаг. Шөнө сайхан, бүтэн нойртой унтах үед бусад эрхтэн амарч чаддаг бол тархи биеэс энерги шаарддаг болохыг тогтоосон аж. Эрдэмтдийн мэдээлснээр энергийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй. Тухайн нийтлэлд “Мэдрэлийн эсүүд хоорондоо синапс хэмээх холбогдох хэсэгтэй бөгөөд түүгээр дохио дамжуулдаг нь аль хэдийн тодорхой болсон. Нейрон, өөрөөр хэлбэл мэдрэлийн эсүүд пресинаптик цэврүү гэж нэрлэгддэг жижиг уутанцруудтай байдаг. Тэдгээр нь нейротрансмиттер буюу биологийн идэвхт химийн бодис агуулдаг. Аливаа үйлдлийн үед эл бодисын молекулууд уутанцруудаас ялгарч, синапс холболтыг гаталж, мэдрэлийн өөр эсэд ордог. Энэ үндсэн үйл явц нь ялангуяа мэдрэлийн эсийн идэвхжилийн үед их хэмжээний энерги, эрчим хүч шаарддаг. Гэтэл сэрэл зогсох буюу биологийн цагаар хүн унтаж амарч байхад тархинд энерги хэрэгтэй байдаг аж. Ямар хэрэгтэйг бид судаллаа. Идэвхтэй болон амрах үед мэдрэлийн эсүүдийн хооронд энерги хэрхэн дамждагийг харьцуулах хэд хэдэн туршилт хийсэн юм. Хүний тархи амарч байх үед ч идэвхтэй байх үеийнхээсээ бага ч гэсэн дохио дамжуулсаар байдаг нь тогтоогдсон. Тодруулбал, нейронууд үүргээ гүйцэтгээгүй үед ч протонууд ялгарч л байдаг учраас тархи амарч байх үед ч энерги шаарддаг” гэсэн байна.
Бэлтгэсэн Ж.Хаан