Улсаа удирдан залж буй дарга нар аа, Улаанбаатар хотын тэргүүн “ноён” Д.Сумъяабазар аа, дүүргийн удирдлагууд аа, нийслэлийн гудамж, зам, талбайд өдөр бүр өрнөж буй тэшүүрийн “тэмцээнд” идэвхтэй оролцоорой.
Юун тэмцээн билээ гэж үү. Иргэд андахгүй, та бүхэн огт “мэдэхгүй” нэг “тэмцээн” өвөл болгон Улаанбаатарын хаа саагүй өрнөдөг юм. Насны ангилалгүй явагддаг бөгөөд цас, мөсөөр хучигдсан зам, талбайн болон хучилтын хавтан дээрх гэсэн хоёр ангилалтай. Хамгийн хэцүү нь гялгар хавтан, плитан дээр тэнцвэрээ олж явах ангилал нь шүү.
Ийм зарлал түгээхийн ялдамд өвлийн “тэмцээнд” зориулан үнэхээр сайн халтирдаг, гөлгөр, гялгар хавтангаар хотын гудамж, зам, талбайг “зэвсэглэн” тохижуулахад хувь нэмрээ оруулсан, ийм зүйл санаачилсан бүх хүнд, барилгын салбарынхан, гүйцэтгэгч болон захиалагч нарт “талархъя”. Та бүхэн ч өвөл болгон өрнөдөг гулгадаг, тэшдэг “кампанит ажилдаа” идэвхтэй оролцож, хааяадаа гэдрэг савж, ганц, хоёр удаа бүдэрч, ойчоод “зугаатай” л явна уу. Бид мэт нь дарга, мэргэжилтнүүдийнхээ зөвлөснөөр оцон шувууны алхалтаар ая эвээ олоод л явж байна. Болохгүй бол гулсаж, тэшчихдэг юм, бас.
Нийслэл хотод өвөл бүр үнэхээр хүнд хэцүү, эрсдэлтэй, халтиргаатай нөхцөл байдал үүсдэг нь цас, мөснөөс гадна гялгар хавтантай холбоотой нь гарцаагүй үнэн. Барилгын гаднах тохижилтод гялгар плита ашигладаг нь халуун, дулаан бүсийн орнуудад л тохиромжтой, манайх шиг хахир өвөлтэй, цас ордог газарт унаж бэртэх, осолдох эрсдэлтэй талаар хэвлэл, мэдээллийнхэн хангалттай дуугарч ирсэн, иргэд ч гомдоллосоор л явна. Олон жил энэ тухай ярьж байна, огт тоохгүй, улам л нэмээд “гялайлгаад” байх юм. Ямар учиртай юм бэ. Дэлгүүр, худалдааны төвийн гаднах талбай, замыг халтирдаг хавтангаар бүрэх нь энүүхэнд, сургууль, цэцэрлэгийн орчныг ийнхүү “гоёсон” нь нийслэлд түгээмэл. Энэ бол зөвхөн тухайн захиалагч, гүйцэтгэгчид бус, хот, дүүргүүдийн удирдлагад ч шууд хамааралтай асуудал. Өөрсдөө явган зорчдоггүй болохоор иргэдийн зовлон, тулгардаг бэрхшээлийг нь мэдрэхгүй, мэдэхгүй байна уу. Тийм бол нэг өдөр “тэшүүрийн тэмцээнд” оролцоод үзээрэй. Хаана вэ гэлтгүй, хотын хаа сайгүй байгаа гулсууран хавтан танд “үйлчлэхэд” бэлэн байгаа шүү.
Иргэндээ ээлгүй, үргэлж бухимдуулах ямар нэгэн хэрэг “тарьдаг” дарга нар аа, нийслэлийн гудамж, зам, талбайд өдөр бүр өрнөж буй тэшүүрийн “тэмцээнд” оролцоорой гэж дахин уриалъя.