СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, оюутнууд ДБЭТ, ҮУИТ-ын бүжигчдийн төлөөлөлтэй хамтран сургуулийнхаа профессорын багийн ахлагч, хэл шинжлэлийн ухааны доктор, домог зүйч С.Дуламын цомнолоор “Босоо цагаан гурвалжин” хэмээх этно бүжгэн жүжиг бүтээж олны хүртээл болгосныг үзэж таашаав. Жүжгийг Бүжгийн урлагийн сургуулийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар дэглэн найруулж, хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт С.Соронзонболд ажиллажээ. Ерөнхий зураач нь монгол зургийн мастер Б.Нямхүү, хувцасны зураач нь Б.Баярцэцэг бол удирдаач нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү юм.
Ийм бүжгэн жүжгийн сураг түрүү жилээс сонсогдож байлаа. Тус сургуулиас өмнө нь “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин” гэсэн этно хоёр бүжгэн жүжиг тавьсан бөгөөд гурамсан бүрэлдэхүүн бүхий “Тэнгэрийн бүжигчид” төслөө “Босоо цагаан гурвалжин” бүтээлээр өндөрлүүлнэ гэж байсан юм. Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрт байдаг хадны зургаас сэдэвлэсэн, бүжгийн цуврал бүтээлтэй болно гэсэн мэдээлэл, ойлголт байсан. Хөл хорионы үед ч цахимаар ажиллаж байгаа сураг дуулсан. Гэхдээ магтах үгээ олж ядтал алмайруулсан бүтээл төрүүлэх юм гэж урьдчилан таамаглаж байсангүй.
Бид тамга гэж юу байдгийг мэднэ. Адуу мал тамгалдаг. Энэ нь монголчууд бидний түүх, соёл, уламжлалын нэгээхэн чухал өгүүлэгдэхүүн байдаг билээ. Нар, саран, саран дэвсгэртэй гал гэх зэрэг янз бүрийн дүрс, хэлбэрийн байдгийг ч андахгүй. Харин ийм тамгануудыг дүр болгон “амилуулж”, бүжиглүүлэн цэнгэх юм гэж ухаарч байгаагүй. Ийм санаа С.Дулам докторт төрсөн бө гөөд уран бүтээлч хамт олон нь дуу нэгтэй шүүрч аваад бүжгэн жүжиг болгожээ.
Этно бүжгэн жүжгийг “Босоо цагаан гурвалжин” гэж нэрлэсэн нь учиртай аж. Босоо гурвалжин гэдэг нь шовх үзүүр нь дээш хандсан гурвалжин дүрс. Энэ гурвалжин бол “Хүмүүн, тэнгэр, газар” гурвыг төлөөлөх бөгөөд монгол домог зүйн ертөнцийн загвар ажээ. Гурамсан бүжгэн жүжгийн эхнийх нь “Хөмөргөн хар гурвалжин” буюу гэм нүглийг дарангуйлах утгатай байсан бол “Босоо цагаан гурвалжин” нь монгол үндэстний хөгжил мандлын бэлгэдэл болно хэмээн судлаач С.Дулам онцлов. Уг бүжгэн жүжгийн гол үзэл баримтлал нь байгаль дэлхийгээ хайрлаж, мөн “би” хэмээх явцуу бодлоос салж, нэгэн тамгын дор эв нэгдэлтэй байх нь бодол сэтгэлийн түнэр харанхуйг цав цагаанаар гийгүүлнэ гэсэн утгатай юм байна.
Монголчууд бидний өвөг дээдэс хэлэх гэснээ, бодол, хүсэл мөрөөдлийнхөө тухай бичдэг байж. Тэдэнд бичиг байгаагүй тул зурдаг байж. Цаас, харандаа байгаагүй болохоор чулуун дээр сийлчихдэг байж. Тэр нь үл арилах мөнхийн судар болдог юм санж. Тэр нь хэдэн зуун, мянганы тэртээгээс өнөөгийн бидэнд хадны зураг, дүрс, тэмдэглэгээ хэлбэрээр уламжлагджээ. Тэдгээр чулуун бичээс, захиаст юуны тухай өгүүлсэн байдаг юм бол. Эрдэмтэд тайлсан байдаг. Хэл шинжлэлийн ухааны доктор, домог зүйч С.Дулам Хэнтий аймаг дахь Рашаан хаданд буй болон бусад аймагт байдаг зураг, дүрсүүдийг хэрхэн уншиж, утга тайлсан тухай “Босоо цагаан гурвалжин” этно бүжгэн жүжгээс мэдэж болно.
Бүжгэн жүжиг таван үзэгдэлтэй. Нэгдүгээрх, “Би-Би”-д хаданд сийлсэн тамганууд ээлж дараалан амилж, нууцлаг түүх хүүрнэх аж. Эртний 13 овгийн төлөөлөл, бэлгэдэл болсон 13 тамга ганц нэгээр, хос хосоор, хэд гурваар бие биесээ халан, сольж бүжиглэх нь “Би-Би” хэмээн, зөвхөн өөрийн овгийн оршихуйг чухалчилж буйг илтгэнэ. Тэдний бүжгээс эерүү зөөлөн, эрс зоримог, уярам сайхан, хавархаг, хүчирхэг хийгээд эсрэг, тэсрэг дүр төрх тодорно. Гилаадар овгийн тэргүүн Хан-Өндөр, Шулаадар овгийн тэргүүн Хямар хоёул гоо үзэсгэлэнт Эхсүүд татагдах нь ертөнцийн жам санж. Хоёрдугаар үзэгдэл “Их хайр”-т харц тулгаран зог туссан Хан-Өндөр, Эхсүү хоёул бие биестээ сэтгэл алдран дурлаж, учран золгох нь их хайрын ундарга. Улмаар бие сэтгэлийг холбон, арга бэлгийн ёсоор энхрийлэн янаглаж, эвцэлдэн нэгдэж нэгэн бие болох. Их хайрын оргилох хүчээс нэгэн шинэ амь бүрэлдэн бий болж, удам залгах Чагай хүү мэндлэв.
Гуравдугаар үзэгдэл “Аз жаргалын тойрог”-т Хан-Өндөр, Эхсүү хоёул Чагай хүүгээ энхрийлэн хайрлаж, эрхэмлэн өсгөх агаад хүү нь эцэг, эхээ хүндлэн дээдлэх нь эрхэм. Ертөнцийн амь болсон усны үзэсгэлэнт дүр Солонго нь гоо сайхнаа дэлгэж, эцэг, эх, хүү гуравтай нэгдэж, аз жаргалыг ерөөн бүжнэ. Ийнхүү хүмүүн, байгалийн амин холбоо аз жаргалын тойрог үүсгэх ажээ. Шулаадар овгийн тэргүүн Хямар тэдний аз жаргалд атаархан хорсож, өс зангидах нь тэр.
Дөрөвдүгээр үзэгдэл “Тэмцэл”-д хар санаат Хямар нь Шулаадар овгийн дайчдаа дагуулан сэм гэтэн ирж, чагнан тагнаж, хорсон занаж дэвхэцнэ. Дайлаар ирсэн тэднээс удам судраа хамгаалахаар Хан-Өндөр тэргүүтэй Гилаадар овгийнхон тэмцэн босно.
Хар, цагааны тэмцэл үргэлжилсээр, Шулаадар болон Гилаадар овгийн дайчид өөр хоорондоо эвдрэлцэн тэмцэлдсээр хүчээ барна. Эе эвийг эрхэмлэгч Эхсүү учирлан аргадаж, соён сэнхрүүлсээр хоёр овгийнхныг эвлэрүүлсэнд Шулаадарынхан хар буруу санаагаа тайлан хаяж, “Сүүн зам” сонгох ажгуу.
Тавдугаар үзэгдэл “Эв эе-Их хүч”-д мөнх тэнгэрийн хүчин дор олон овог эвлэлдэн нэгдэж, хуран чуулж, хангай дэлхий, уул усаа тахин шүтэж, мөргөн залбирч, бүжиглэн баясаж буй тухай өгүүлдэг. Тэд хамтаар 13 их овоогоо тахин тайж, 13 тамга их эвийн бүжиг бүжсээр “Босоо цагаан гурвалжин” мэт их хүчийг олж, батжин сүмбэрлэх нь эцэг, өвгөдийн гэрээс захиа ажгуу.
Монголын жаргалан нь дэвсэн (бүжиглэн), хуримлан цэнгэх бөлгөө. Уг бүжгэн жүжиг эв эеийн бэлгэдэл Эхсүү, Гилаадар овгийн тэргүүн Хан-Өндөр, тэдний хүү Чагай, Шулаадар овгийн тэргүүн Хямар гэсэн гол дүртэй. Мөн 13 овог, аймгийн төлөөлөл болсон тамганууд, байгалийн бэлгэдэл Солонго, Цагаан талын овог Гилаадар, хар талын овог Шулаадар гэсэн бэлгэдэл дүртэй.
Овог, аймгийн төлөөлөл болсон хажуугаараа харсан зэтэртэй, дан туухай, саран дэвсгэртэй гал, хэлтэй тушаатай саран болон холбоо онги, алхан болон хэвтээ сүйхэлжин, дугуй хүрээтэй уйлган, хэлтэй тушаатай саран болон саран дэвсгэртэй хөлтэй онгин, босоо буйлан ба дамар, хос хөлтэй ширээтэй онгин болон усны уйлган, босоо болон гурвалжин хөмрөгөн, эргүүлэгтэй уйлган, зүрхэн олом болон ташуу давхар хайруулга, хөлтэй ширээтэй онги болон сар, наран гэсэн 13 тамга өмнө хойноо орон, дор бүрнээ үг хэлэх мэт, эцэг, өвгөдийн захиас хүүрнэх шиг, босон, суун, ойн буун бүжих нь ер бусын.
“Босоо цагаан гурвалжин” нь бүтцийн хувьд дуурь мэт, балетыг санагдуулам атлаа хийц нь контемпорари шинж чанартай. Уран бүтээлчид үүнийг үндэсний орчин үеийн бүжгэн жүжиг гэж байна билээ. Үнэлгээ, дүгнэлт үндэсний хэмжээнээс хальж, дэлхийн тавцанд яригдах болов уу. С.Дулам докторын санаа биеллээ олж. Судлаач эрдэмтний санааг бүжиг дэглээч Д.Баярбаатар хөдөлгөөний урлагаар биежүүлж. Тэдний холбосныг хөгжмийн зохиолч С.Соронзонболд мөн үндэсний шинжтэй агаад орчин үеийн найраг хөгжмөөр өндийлгөж ирээд үзэгчдийн сэтгэлд нэг мөр хүргээдхэв. Уран хөдөлгөөнөөр харуулах боломжгүйг зураач тайзнаа болон дэлгэцэнд үзүүлэн цогц болгожээ. Хувцасны загвар хад чулуу, салхи бороо мэт, ангаж цангасан газар, хөрс ч юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр. Энэ бүхнийг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн болон нийслэлийн “Улаанбаатар” театрын “Хангарьд” найрал хөгжим маэсро Н.Туулайхүүгийн удирдлагаар хоёронтоо амилууллаа.
Уран бүтээлчид уг бүжгэн жүжгийг Соёлын Яам, Соёл, урлагийг дэмжих сан, СУИС-ийн дэмжлэгтэй бүтээсэн юм.