“Чаргайт” компани Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг Чаргайт гэдэг газар Дэлгэр мөрөн дээр усан цахилгаан станц барихаар зэхжээ. Уг усан цахилгаан станцын анхны техник, эдийн засгийн үндэслэлийг 2008 онд хийж, суурилагдсан хүчин чадал нь 24.6 МВт, жилд 116.6 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гаргасан байна. Усан цахилгаан станц барих тусгай зөвшөөрлөө 2017 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос авчээ. Мөн Диспетчерийн үндэсний төвтэй эрчим хүч худалдах, худалдан авах 27 жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар 40 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ хийсэн гэнэ. Усан цахилгаан станц нь 26 га газрыг хамрах юм байна.
Уг усан цахилгаан станцыг байгуулснаар төвийн эрчим хүчний системийн тохируулга сайжирч, импортыг зохих хэмжээнд орлох, Эг, Шүрэнгийн усан цахилгаан станцыг байгаль экологид сөрөг үр дагаваргүйгээр барьж болохыг батлан харуулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болох, хуурайшилт, тоосжилтыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.