Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын ээлжит их хурал өчигдөр эхэллээ. 30 дахь удаагийн уг хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1245 төлөөлөгч оролцож буй аж. Тэдний 44 хувь нь анх удаа оролцож байгаа тул шинэчилсэн бүрэлдэхүүнтэй хэмээн тодорхойлж байв.
Их хурлыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нээн, үг хэлж, “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан юм. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах түүхэн үүрэг та бидэнд ногдлоо” хэмээн тодотгож, цар тахлын хүнд үед ард түмэн Ардын намд итгэл хүлээлгэж, удаа дараагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан учраас “Ялалт бол хариуцлага” гэж ойлгон ажиллахаа онцлов. Тэрбээр хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот, хөдөөгийн тэнцвэргүй байдал, ногоон хөгжил болон төрийн бүтээмж хэмээн нэрлэж, өөрчлөхөө мэдэгдсэн юм. Тухайлбал, “Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан, тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй нь уялдуулан хянана” гэлээ.
Дараа нь Мандатын комиссын даргаар Д.Сарангэрэлийг сонгож, хурал даргалагчаар Д.Тогтохсүрэн ажиллалаа. Мөн Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонссон. Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар илтгэлдээ өнгөрсөн их хурлаас хойш 56 иргэний намын гишүүнчлэлийг сэргээж, 42 гишүүнд намаас гарсанд тооцох, 12 гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, тус бүр нэг гишүүнд сануулах, намын гишүүнээс түр түдгэлзүүлэх арга хэмжээ авсныг дурдав. Тэрбээр “Зарим аймаг, сумын намын хорооны дарга судалгааны үр дүн, намын бодлого гэсэн нэрийн дор өөрийн үзэл бодлыг намын хорооны тэргүүлэгчид болон сонгуультнуудад тулгадаг байдал гарч байна. Орон нутагт намын гишүүдийн дунд хувийн эрх ашгаараа болон УИХ-ын гишүүдээ дагаж талцан хуваагдах, ямар нэг зөрчил маргаан гарахад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бие биенээ дайрч доромжлох, бүүр цаашлаад намын журмын нөхдийнхөө нэр хүндийг унагахын тулд эсрэг намтай үгсэн хуйвалдах явдал ч гарах боллоо. Эв нэгдлээ хичээгээд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг эв эе бидэнд тус биш, ус болно” хэмээв.
Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун, дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Ерөнхий нарийн бичгийн дарга нь өнгөрсөн дөрвөн жилийг намын дотоодод өөрчлөлт, шинэчлэл оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа гэж тодорхойлоод, МАН-ын цахим бүртгэл дэх гишүүдийн тоо 278.7 мянгад хүрснийг дуулгалаа. Тэрбээр “МАН дэвшилт нам болохын тулд сонгогдон, томилогдож, төрийн болон улс төрийн алба хашиж буй гишүүддээ ёс зүйн, сахилгын, улс төрийн соёлыг хэвшүүлэн ажиллаж байна. Хүний эрхийг зөрчсөн, МАН-ын үнэт зүйлийг сэвтээж буй ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намын удирдах албан тушаалд ажиллуулахгүй, төрийн болон улс төрийн албан тушаалд дэмжихгүй байх зарчмыг намын хяналтын байгууллагын дүгнэлтэд үндэслэн баримтлах зорилго тавин ажиллаж байна. Улс төрийн нам бол нийтийн сайн сайхны төлөө ажиллах институц юм. Түүнээс биш ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш. Хоёрдугаарт, гишүүдийнхээ санаа бодлыг сонсдог гишүүн төвтэй, нам байх зорилт тавьж байна” гэсэн юм.
МАН-ын дарга асан У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж, танилцууллаа. Үүнд “Улс төрийн намууд дотроо ч, гаднаа ч өөр хоорондоо эв эетэй байж, шударга ёсыг дээдлэн, улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө санаа бодлоо нэгтгэн, ард түмнээ улс төрөөр талцуулан хуваахгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган, эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах шаардлагатай цаг үе болоод байна” гээд Ерөнхийлөгчийн хувьд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээ онцолжээ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгож, батламжлав.