Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас гарсан хогийг төвлөрсөн цэг, дахин ашиглах, боловсруулах зориулалтаар худалдан авдаг газруудад хэрхэн хуваарилах учир зүйгээ ийнхүү олоод байтал цаана нь жинхэнэ асуудал үүсэв. Хогны асуудлыг хотын төвөө цэвэр цэмцгэр байлгах төдийхнөөр ойлгон, хаягдал устгах хуучны арга технологитой удтал “зууралдаж”, дахин боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд ач холбогдол өгөөгүйн гороор Улаанбаатар хот хог булах газаргүй болоход ойртжээ. Тодруулбал, нийслэлийн хогийн төвлөрсөн цэг болох Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэрт стандартаас 2-3 дахин их хог булснаас хаягдал төвлөрүүлэх аргагүйд хүрснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийнхэн тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн хотын захын дүүргүүдийн хогийг төвлөрүүлдэг өөр гурван жижиг цэг байдаг нь ч “актлагдах” болзол хэдийн хангасан гэнэ.
4700 гаруй ам км газар нутагтай хотод хог булах хэдхэн га газар олдохгүй гэж үү гэсэн асуулт, эргэлзээ уншигчдад төрж магадгүй. Гэвч энэ нь тийм ч амар шийдчих зүйл биш юм. Зөвхөн хаягдал булах зориулалтаар 20, 30 га газар төлөвлөдөг, өнөөх нь хэсэг хугацааны дараа дүүрэхэд дахиад л бууриа сэлгэх ийм байдлаар бид хэр олон жил явж, хэчнээн хэмжээний газрыг ашиглалтаас гаргах вэ. Энэ бол яагаад ч шийдэл биш. Нөгөөтээгүүр, хотын төвлөрөл ихэссэн, байгаль орчны асуудал хурцаар тавигдсан өнөө үед ус, хөрс, хүрээлэн буй орчны бохирдлыг гааруулах, экологид халтай шийдлийг зориудаар сонгож, хэрэгжүүлсээр байна гэдэг нь иргэдийн эрүүл мэнд, амь, цаашлаад үндэсний аюулгүй байдалд санаатайгаар заналхийлж буйгаас ялгаагүй үйлдэл. Тэрчлэн хог булсан газрыг (ялангуяа манайх шиг замбараагүй, ахуйн болон аюултай хаягдлыг нэг дор төвлөрүүлдэг тохиолдолд) дахин ашиглах, “эмчлэх”, нөхөн сэргээх боломж хомс. Тухайлбал, өнгөрсөн жилээс эхлэн Нарангийн энгэр болон Цагаан давааны хогийн цэгийг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийх төслийг нийслэлийн ЗДТГ, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлсэн ч төсөөлсөн шиг нь үр дүнд хүрээгүйг эх сурвалж хэллээ. Их хэмжээний хогийг стандартын бус аргаар, хүчээр “шингээсэн” хөрс ингэхээс яах вэ. Ийм атал эрүүл газрыг хогийн цэгийн зориулалтаар эрэмдэглэсээр байх нь зохимжгүй юм.
Ганцхан жишээ дурдъя. Нийслэлд жилд дунджаар зөвхөн тээврийн хэрэгслээс үүдэлтэй, эрчимтэй урвалжих чанар бүхий бодис агуулсан 200-300 мянган тонн хаягдал үүсдэг гэнэ. Эдгээрийн 80-90 хувь нь дээрх хогийн цэгүүдэд ахуйн хог хаягдалтай хамт булагдаж, хөрсөнд асар их хэмжээний хор хохирол учруулдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) болон Гамшгийн эсрэг үндэсний төвийнхөн судлан тогтоосон байдаг. Түүнчлэн аюултай хог хаягдалд багтдаг эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодисыг ямар ч стандартгүйгээр хөрсний өнгөн хэсэгт нууж орхидгийг “Өнөөдөр” сонин хоёр жилийн өмнө газар дээрээс нь сурвалжилж байв. Эндээс Улаанбаатарын хогийн цэг хэр зэрэг аюул тээж, хадгалж байгааг, нийслэлчүүд ямар хэмжээний бохирдлоор хүрээлүүлсэн орчинд амьдарч буйг нь баримжаалах биз ээ. Тэгэхээр бид ойр орчиндоо ийм “тэсрэх бөмбөг” дахиж бэлдэхгүй байхад анхаарах хэрэгтэй.
Төр, засаг, нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан хог хаягдлын асуудалд, тэр дундаа газрын хөрсөнд булдаг хуучны арга барилаас татгалзах чиглэлд анхаарахгүй бол одоогийнх шиг ийм асуудал хэзээ мөдгүй тулгарах эрсдэлтэйг мэргэжлийн судлаач, эрдэмтэд саяхныг хүртэл анхааруулсаар ирсэн. Гэтэл үүнийг нь ойшоож, хүлээж авах хүн байгаагүй. Хотын төвөө хоггүй, цэмцгэр харагдуулахад л дээр, дооргүй анхаарсаар байв. Жишээлбэл, МБОИЗ-ийнхөн 2019 онд “Улаанбаатар хот аюултай хаягдалд эзлүүлж, хог булшлах газаргүй болж байна. Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөд удлаа” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байлаа.Үүний өмнө Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүн байгууллагууд хамтран мөн энэ асуудлыг дэвшүүлсэн. Тэд “Дэлхийн орнууд хөрсөнд хог булж, устгахаас татгалзаж, аль болох бүрэн боловсруулах арга технологид шилжээд байна. Манайх хогийн цэгүүдээ өргөжүүлж, хэмжээг нь томруулахын оронд дахин боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй” гэсэн санал хэлсэн юм. Өнөөдөр яг л тэдний хэлсэнчлэн улаанбаатарчууд хогоо хаях газаргүй боллоо.
Нийслэлийн одоогийн Засаг дарга энэ асуудалд онцгой анхаарахаа мэдэгдээд буй нь сайшаалтай. Тэрбээр өнгөрсөн сард Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр “Байгаль орчинд халтай, хог булах арга барилаас татгалзаж, цаашид дахин боловсруулах чиглэлд анхаарч ажиллана. Өдгөө хаягдлыг дарж булахад тонн тутамд 85 цент буюу 2080 төгрөг зарцуулж байна. Ийм байдлаар удаан явах боломжгүй. Үүнийг халж, шинэ арга, технологи нэвтрүүлэх шаардлагатай. Хог хаягдлын салбарт зарцуулах хөрөнгийг нэмж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх хэрэгцээ зүй ёсоор тулгараад буй. Гадаадын жишгээс харахад ихэнх орон хогийг бүрэн шатааж, устгаж байна. Тухайлбал, нэг тонн хогийг ийм аргаар устгахад Япон 55, БНСУ 45, БНХАУ 35 ам.доллар, ХБНГУ, Австрид 200 орчим евро төсөвлөж, энэ чиглэлийн үйлдвэрүүдийг дэмждэг. Бид тэднээс суралцах ёстой. Эхний ээлжид нийт хог хаягдлын 30 орчим хувийг дахин боловсруулж, үлдсэнийг нь ландфилл арга (энэ нь хогийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр тодорхой стандарт, аргачлалын дагуу булах технологийн нэршил бөгөөд манай улс үүнийг горимынх нь дагуу хэрэгжүүлж чадалгүй, ор мөр төдий гүйцэтгэсээр өнөөдрийг хүрсэн )-аар булах зорилт дэвшүүлж байна. Дараа нь бүрмөсөн устгах аргыг нутагшуулах төлөвлөгөөтэй” хэмээн ярьсан юм. Түүний хэлсэн хуучин арга технологиос татгалзах зүй ёсны шаардлага нь өнөөгийн хогийн цэгүүдийн нүд халтирам, байх ёстой хэмжээнээс хэд дахин их “новшид” дарагдсан дүр төрх юм. Гагцхүү хотын мээр энэ асуудлыг олж харсан шигээ, шинэчлэх хэрэгтэй хэмээн дуугарсан шигээ бодитой алхам хийж, хэрэгжүүлэх шаардлагатай. Үгүй бол нийслэлчүүд мөдхөн хогондоо “умбах нь”.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийнхний өгсөн мэдээллээр бол хогийг шинэ технологиор устгах чиглэлийн ажилд холбогдох байгууллагууд хэдийн санаа тавьж эхэлсэн гэнэ. Тухайлбал, хог шатааж, эрчим хүч бий болгох үйлдвэрийн судалгааг БОАЖЯ, БШУЯ, Сангийн яамнаас томилсон ажлын хэсгийнхэн хийж, эхний байдлаар танилцуулсан гэнэ. Нийт хог хаягдлын 48.2 хувийг эзэлдэг үнсийг барилгын материал үйлдвэрлэлд ашиглах технологийн судалгаануудыг туршилтаар хэрэгжүүлэх ажилд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, мөн энэ чиглэлийн дахин боловсруулах үйлдвэрүүд оролцож эхэлжээ. Ямартай ч хог хаягдлын салбарт тулгамдсан асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд олж хараад, судлаад, тодорхой хэмжээний санал санаачилга гаргаж буй бололтой. Харин хэрэгжилт, үр дүн нь ямар байхыг цаг хугацаа харуулах болов уу. 2022 оны өдийд, эсвэл түүний дараа жил гэхэд энэ бүхнийг дүгнэх, үнэлэх барьц, зах сэжүүр тодрох нь гарцаагүй.