-Улаанбаатарын утаа багассан
-Багасаагүй
-Нийслэлийн утаа “нимгэрсэн”
-Үгүй, хэвээрээ, илүү хоруу чанартай болсон, өглөө, оройд хөшиглөх, агаарт тунарах их утааг хар хэмээн маргаж мэтгэх хүн цөөнгүй байна. Арванхоёрдугаар сар гарч, билгийн тооллоор өвлийн эхэн сар шувтарсан ч цаг агаар тогтуун, агаарын хэм дулаан байгаа нь утаа ямар хэмжээнд буйг мэдэх боломжийг багасгажээ. Өнгөрсөн пүрэв гаргийн 20.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, бидний нэрлэж заншсанаар Долоон буудал орчимд нэлээн утаатай байв. Гадаа хэт хүйтрээгүй ч айл өрхүүд ид галладаг энэ цагаар нам дор газраа утаа тунаж, замын гэрлүүд утаан дундаас үл тодорч, саарал туяа тусгаж харагдсан. Тус хорооны иргэн Т.Цэндцэрэнгээс сайжруулсан түлш, түүхий нүүрс хооронд чанарын ялгаа бий, эсэхийг асуухад “Манайх намраас цахилгаанаар байшингаа халааж, галлахаа больсон. Нүүрс, сайжруулсан түлш хоёрын ялгааг сайн мэдэхгүй. Гэхдээ нүүрс түлдэг айлаас хүхэр сүрхий ханхлан, хувцас, эдлэлд угаарын үнэр шингэдэг байсан нь багассан нь анзаарагддаг. 2019 оны өвөл анх удаа “Сайн” түлш түлж эхлэх үед утаа өнөөдрийнхөөс бага байсан санагдана. Одоо бид дасаж орхив уу, утаа улам нэмэгдэв үү, бүү мэд” гэв.
Тэгвэл Хан-Уул дүүргийн III хороо “ДЦС-3”-ын ойролцоо энэ сарын 2-ны 21.00 цагийн үед утаа багатай, үзэгдэх орчин хязгаарлалтгүй, агаарын чанар сайн байсан нь анзаарагдсан. Гэхдээ Зурагт, Баянхошуу, 100 айл зэрэг гэр хороолол ихтэй, нам дор гэж болохуйц бүсэд өглөө, оройд утаа ихээр тунаран, сааралтаж буй дүр зураг олон бий. Зурагтад амьдардаг Г.Туулаас мөн л сайжруулсан түлш болон түүхий нүүрсний ялгааг тодруулахад “Нүүрсийг буталж, шигшээд, хэвлээд хэрэглэж байгаа гэж ойлгодог. Бараг ялгаагүй юм биш үү. “Сайн” түлш ноцохдоо удаан, үнс ихтэй нь түүхий нүүрс түлснээс ч их ажиллагаатай. Би хувьдаа утаа багассан гэж боддоггүй” гэлээ. Эндээс харахад зарим хүн сайжруулсан түлшний хүхрийн хэмжээ буурсан, энэ нь үнэртэх байдлаас нь андашгүй гэсэн бол зарим нь түүхийгээсээ ялгаагүй, нунтаглаад, хэвлэж, барьцалдуулсан нүүрс гэцгээж байв.
Тэгвэл “Тавантолгой түлш” компанийнхан болон зарим эрдэмтэн, судлаач “Сайн” түлшийг сайн хэмээн үнэлж, түүхий нүүрсний хэрэглээг халсан нь томоохон дэвшил болсон гэдэгтэй санал нэгджээ. Өмнөговь аймаг дахь Тавантолгойн бүлэг ордын буюу Ухаа худгийн баяжуулах үйлдвэрийн хаягдал ба завсрын бүтээгдэхүүнийг барьцалдуулагч бодистой хольж түлш хийсэн нь зөв алхам гэнэ. Тавантолгойн нүүрсийг сонгосон шалтгаан нь хүхрийн агууламжаар Багануур, Налайхынхаас харьцангуй бага бөгөөд илчлэг өндөртэй учраас угаасан ч чанараа алддаггүй гэв. Түүнчлэн сайжруулсан түлш болон түүхий нүүрсны чанарын ялгааг тодорхойлсон эрдэм шинжилгээний өгүүлэл байна. 2020 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” өгүүллийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сэтгүүлд хэвлүүлсэн аж. Улмаар химич, эрдэмтэн Ш.Ган-Эрдэнэ, Н.Энхтуяа, С.Өнөрсайхан тэргүүтэй долоон судлаач “Сайжруулсан түлш болон Налайхын нүүрсний химийн шинжилгээний харьцуулсан дүн” сэдэвт судалгаа хийжээ. Үүнд Улаанбаатарын зургаан дүүргийн 40 өрх, Налайхын 14 айлаас 54 дээжийг түүврээр цуглуулж, шинжилсэн гэнэ. Эндээс сайжруулсан шахмал түлшний чийглэгийн хэмжээ түүхий нүүрснийхээс найм дахин бага нь дутуу шаталтаас гарах бохирдлыг багасгахад нөлөөлсөн гэж дүгнэж. Түүнчлэн “Сайн” түлшний илчлэг түүхий нүүрснийхээс 1100 ккал/кг-аар илүү бол дэгдэмхий бодисынх нь хэмжээ 1.7 дахин бага байгаа нь агаар дахь тоосонцор болон хорт хийн агууламжийг бууруулах үндсэн хүчин зүйл болсон гэжээ. Харин сайжруулсан түлшин дэх никель, хар тугалга, фосфорын хэмжээ нүүрснийхээс өндөр, түүхий нүүрсэнд хүнцэл, титан, цайрын хэмжээ нь илүүтэй гэдгийг тайлагнав. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр дээрх судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2019-2020 онд шат дараатай ажилласан бодит, баримтат судалгаа гэдгийг оролцогчид нь онцоллоо.
Тэгвэл “Тавантолгой түлш” компанийн дөрөвдүгээр үйлдвэрийн дарга Ж.Батбилэг ийн ярив. Тэрбээр “Сайжруулсан түлшний 97 хувь нь угаасан нүүрс, үлдсэн нь барьцалдуулагч бодис. Тавантолгойн бүлэг ордоос бэлтгэдэг коксжих нүүрсийг угааж үндсэн түүхий эдээ болгосон нь л чухал. Өндөр илчлэгтэй нүүрсийг буталж, угааснаар илчлэгийнх нь хэмжээ багасдаг ч ахуйн хэрэглээнд ашиглаж болохуйц гэсэн үг. Одоогоор үүнээс өөрөөр түүхий нүүрсийг сайжруулах боломжгүй. Цаашид хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэн, технологи нэвтрүүлж чадвал түлшээ коксжуулж болно. Ингэснээр түлшин дэх хүхрийн агууламж илүү буурч, үнсний хэмжээ ч багасна. Гэхдээ үнэ нь хоёр дахин өсөх магадлалтай. Ер нь технологи шингээн илүү сайжруулбал өртөг зардал нэмэгдэх нь гарцаагүй. Бид “Сайн” түлшийг коксжуулах, коксын үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулсан, судалгаа тасралтгүй хийж байна” гэсэн юм. Мөн нүүрсний хоруу чанар ихэссэн гэдэгтэй санал нэгдэхгүйгээ уламжлан, ямар нэгэн хорт бодис “Сайн” түлшнээс илрүүлбэл үйлдвэрт нь хандах хэрэгтэйг онцоллоо. Угаасан нүүрсийг барьцалдуулагчтай хольж хатаасан учраас түүхий нүүрснээс илүү хортой химийн нэгдэл агуулах боломжгүйг дахин дахин дурдав.
Эндээс харахад, “Сайн” түлшний 97 хувь нь нүүрс учраас нүүрс түлж буй гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй байх нь. Харин анхан шатны боловсруулалт хийсэн буюу угааж, нунтаглан, шигшиж, хатаан, хэвлэсэн нь хүхэр, агаарт дэгдэх хорт хийн хэмжээг бууруулсан гэдгийг албаныхан хэлж байна. Түүнчлэн сайжруулсан түлшээ сайжруулах боломтжой бөгөөд цаг хугацаа, хөрөнгө шаардлагатайг ойлгож авав. Үүнээс гадна агаарын бохирдол, утаа үүсгэж буй өөр томоохон шалтгаан нь автомашины хэрэглээ болон нам даралтын зуухны тоо нэмэгдсэнд байгаа аж. Энэ талаар холбогдох байгууллагууд нь тайлбар, судалгаа гаргасан байсан. Ташрамд дурдахад, өвлийн оргил ачааллын үед нийслэлийн хэмжээнд өдөрт 2500-3000 тонн шахмал түлш хэрэглэдэг юм байна. Одоогоор “Тавантолгой түлш”-ийнхэн өдөрт 1800 гаруй тонныг нийлүүлж буй гэнэ.