МАН-ын XXX Их хурал эхэллээ. Энэ удаагийн хуралдаанд 1245 төлөөлөгч оролцож буй. Хуралдааны эхэнд мандатын комисс итгэлээ тавих бол үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлээ тавих юм.
Эрх баригч намын XXX Их хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батлахаас гадна хэд хэдэн тогтоол баталж, мөн дүрмэндээ өөрчлөлт оруулах аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлээрээ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулахаас гадна хэд хэдэн том тогтоол батлахаар төлөвлөжээ. Тухайлбал, XXX Их хурлаараа авлигатай тэмцэх тогтоол батлах юм байна. Ингэхдээ намын Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг намаасаа хасах хүртэлх заалтыг оруулж байгааг эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, МАН-ын дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд өчигдөр орой дүрмийн төсөл боловсруулах өргөтгөсөн салбар хуралдаан хуралдаж, эцсийн байдлаар дүрмийн төслийг бэлэн болгожээ. Дүрэмд авлигатай холбогдсон намын гишүүдээ намаас хасах өөрчлөлтийг нэмжээ.
Түүнчлэн, хурлаар санал нэгдэх хамгийн чухал асуудлын нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Их хурлаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийх асуудлыг эцэслэж, намрын чуулганд багтаан өөрчлөлтөө батлахаар тохиролцжээ.
XXX Их хурлаар хэлэлцэх асуудлууд:
- МАН-ын даргыг сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэнэ.
- Намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах,
- Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулна. Үүнд, Хүний эрхийг хамгаалах, хуульд заасан хүний эрхийн зөрчилтэй заалтыг засаж, дэвшилтэд бодлогоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулна.
- Цар тахлын үеийн Шинэ сэргэлтийн бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцоно.
- Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно.