БНСУ-ын Засгийн газрын визний www.visa.ko.kr цахим хуудсыг хуулбарлан бүтээсэн www.visa-korea.kr хаягаар дамжуулан иргэдийг залилсан байж болзошгүйг БНСУ-ын ЭСЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээлэв. Тодруулбал, бүлэг хүн БНСУ руу зорчих хүсэлтэй иргэдийг дээрх сайтаараа дамжуулан бүртгэж, мэдээлэл цуглуулан, цахим виз олгосон тодорхойлолт хуурамчаар үйлдэж, төлбөр авч буй тухай мэдээлэл дээрх байгууллагуудад удаа дараа иржээ. Тиймээс хэргийг шалгуулахаар зохих шатны байгууллагад хандаад буй гэнэ. Богино хугацаанд виз гаргана, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр шийднэ гэсэн хууль бус зуучлагчдын “өгөөш”-нд хууртахгүй байхыг, мөн энэ талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны байгууллага болон эх сурвалжаас авахыг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс анхаарууллаа.