Хоёр жилийн өмнөх арванхоёрдугаар сарын 6-нд Байгалийн түүхийн музей буюу Төв музейг нураасан. Тус барилгыг нураахыг эсэргүүцэж байсан хөдөлгөөн, хувь хүмүүс нэгдэн энэ сарын 6-нд “Нурангиас үлдэгсэд” үзэсгэлэнг “Comedy lab”-ын байранд зохион байгуулах болжээ. Энэ үеэр тус барилгын нурангиас үлдсэн тоосго, чулуу, багана, хээтэй хавтангийн үлдэгдэл, уран бүтээлчдийн гар зургийн бүтээлүүд, уг барилгыг нураахыг эсэргүүцэж байсан иргэдийн бичсэн сэтгэгдэл, 2000 орчим хүний гарын үсэг зэрэг баримтыг дэлгэх аж. Түүнчлэн “Нурангид үлдсэн хот ба соёлын өвүүд” нэртэй хэлэлцүүлгийн хүрээнд “Соёлын өвийн хулгай”, “Музейг тоносон өдрүүд”, “Байгалийн түүхийн музейн барилга соёлын өв байсан нь”, “Иргэн бүр хот төлөвлөгч” зэрэг сэдвээр ярилцах гэнэ.
“ХУНТ НУУР”-ТАЙ
ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 3, 4-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, 11, 12-нд Ж.Пуччинийн “Богема” дуурийг үзэгчдэд хүргэнэ. Ташрамд сонирхуулахад, “Хунт нуур” балетыг Монголын театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамъяндагвын дэглэснээр анхлан тавьсан бөгөөд Одетт, Одиллиягийн дүрд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрд Гавьяат жүжигчин Э.Оюунбат, салбадайд Ардын жүжигчин О.Ганбаатар нар тоглож байв. Харин “Богема” дуурийг Г.Эрдэнэбаатар найруулж, 2004 оны тавдугаар сараас Монголын үзэгчдэд хүргэж буй.
“ИХ ХҮНДЭТГЭЛ” ТОГЛОЛТОД СААТААРАЙ
Ардын жүжигчин, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Самбуугийн “Их хүндэтгэл” тоглолт ирэх сарын 12, 13-нд “Улаанбаатар палас”-т болно. Тэрбээр 1970 онд Улсын ардын дуу, бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажилласнаас хойш 50 жил тасралтгүй тус байгууллагадаа уран бүтээлээ туурвисаар ирсэн юм.
НООЛУУРААР ХИЙСЭН БҮТЭЭЛҮҮДИЙГ ДЭЛГЭВ
Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач А.Баасансүрэнгийн “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна. Тус үзэсгэлэнд ноолуур хэмээх тансаг түүхий эдийг зулах аргаар урласан бүтээлүүдийг дэлгэжээ. А.Баасансүрэн өмнө нь эсгий урлалаар дагнан туурвиж, уран бүтээлээрээ БНХАУ, Британи, Шотланд зэрэг оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Тэрбээр 2002 оноос эхлэн ноолуураар уран зураг зурах арга технологи санаачлан, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ахуй амьдрал, алдартай хүмүүсийн хөрөг болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг урласан байна. Бүтээлээрээ монгол ноолуурын эрхэм нандин, амьдлаг чанар, дахин давтагдашгүй, тансаг үнэ цэнийг бүтээхийг зорьсон аж. “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ.