Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс энэ өвлийн зудын эрсдэлийн зургийг боловсруулжээ. Зуншлага, цас, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээг нэгтгэсний дүнд зудын эрсдэлийг тооцоолсон аж. Манай орны ихэнх нутагт энэ онд зуншлага сайн байсан. Тухайлбал, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн 1-2 сумыг эс тооцвол улсын хэмжээнд нийт нутгаар зуншлага жигд сайн байсан бөгөөд бэлчээрийн нөөц, даац хангалттай хэмжээнд хүрчээ. Үүнтэй холбоотойгоор энэ өвөл ихэнх нутагт зудын эрсдэл харьцангуй бага байх төлөв гарсан аж. Мөн энэ сард олон жилийн дунджаас дулаан, цас бага орох төлөв гарсан нь зудын эрсдэлийг бууруулж байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийнхэн онцоллоо.
Тус газрынхны боловсруулсан зургаар нийт нутгийн 13.4 хувьд нь зуд болох эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Тэр дундаа 2.6 хувьд нь зуд болох өндөр эрсдэлтэй юм байна. Харин 10.8 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй гэнэ. Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Төв аймгийн Баяндэлгэр сум бүхэлдээ зуд болох өндөр эрсдэлтэй бүс нутагт хамрагджээ. Үүнээс гадна Баян-Өлгийн Алтай, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төв аймгийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын зарим багийн нутагт өвөлжилт хүндэрч болзошгүй аж.
Ташрамд дурдахад, Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээлснээр өдгөө манай орны нийт нутгийн 46.7 хувьд 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Увс аймгийн Малчин сумд 24, Баян-Өлгийн Даянд 15 см цас тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Цаашид цасны зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулахаа Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдэгдлээ.
Бэлтгэсэн М.Оч