Монголын тариаланчдын үндэсний холбооноос (МТҮХ) өчигдөр мэдээлэл хийв. Манай улсад 890 000 гаруй га талбайг эргэлтэд ашиглан, 90 орчим хувьд нь үр тариа тарьдаг. Улсын хэмжээнд жилд 310 000 гаруй тонн улаан буудай хураан 260 000 орчим тонн гурил үйлдвэрлэвэл хэрэгцээгээ хангахад хүрэлцдэг аж. Тэгвэл энэ намрын хувьд 130 000 тонн улаан буудай Төв, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгийн тариаланчдын үртэмд хаягдах магадлал үүссэнийг МТҮХ-ныхон мэдээллээ. Тодруулбал, улаан буудай худалдан авах үйлдвэр олдохгүй, зарим нь бүтээгдэхүүнийг нь зээлээр худалдан авсан нь тариалан эрхлэгчдэд санхүүгийн бэрхшээл учруулжээ. Түүнчлэн манай улс өнгөрсөн хавар ОХУ-аас 260 000 тонн улаан буудай импортолсон нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг “булаасан”, тариаланчдын зүтгэлийг үнэгүйдүүлсэн үйлдэл болсон юм байна. Үүнээс гадна гурилын үйлдвэрийн эзэд “Тарианы чанар муу, үйлдвэрлэлийн шаардлага хангахгүй нь” хэмээн худалдан авахаас татгалзаж буй нь шударга бус үйлдэл гэдгийг МТҮХ-ныхон дурдав. Хэрэв хаягдаж үрэгдэхэд хүрч буй улаан буудайг худалдан авахад анхаарахгүй бол тариаланчид санхүүгийн хямралд өртөх, зээлээ төлж чадахгүйд хүрэх, улмаар ирэх хавар ажлаа эхлүүлэх боломж бүрдэхгүй байх эрсдэлтэй гэлээ. Тиймээс салбарын яамныхан нь улаан буудай худалдан авахыг дэмжих, эсвэл экспортлох боломж бүрдүүлэхийг МТҮХ-ноос уриаллаа.
Бэлтгэсэн С.Дулам