Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд 214 ажилчин зам, талбай цэвэрлэж, 51 техник хэрэгслээр 182.9 тн бодис, 147 тн давс цацаж халтиргаа, гулгаанаас сэргийлжээ. Улаанбаатар хотын хэмжээнд зориулалтын бодисын нөөц 2253.5, харин давс 583 тн байгаа аж. Өнгөрсөн оны өвөл нийслэлд 440 тн давс хэрэглэсэн гэнэ. Үүнээс үзэхэд энэ оны нөөц хангалттай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм.
Иргэд “Зам дээр цацсан давс, бодис шавхай тарьж, гутал, хувцас муухай болгож байна. Ялангуяа элгэн гутал цайгаад, цэвэрлэх аргагүйд хүрлээ. Гадаадад зориулалтын бодисыг оройн цагаар цацдаг. Маргааш өглөө нь замаар машин явахад гулгадаггүй. Мөн явган зорчигчид зам хөндлөн гарахад гутал төдийлөн муухай болдоггүй. Чийгшил нь зохих түвшинд байдаг юм болов уу. Манайд шавхай их байх юм” гэх зэргээр ярих болсон. Энэ талаар нийслэлийн Хот тохижилтын газрын инженертэй санал солилцоход “Өдөр цацаж болно. Замын цагдаагийн газраас халтиргаа, гулгаа хаана их байгаа талаар мэдээлэл авч, тийшээ очдог. Манай газар хотын төв хэсэгт 186 орчим км зам хариуцдаг. Бусдыг нь дүүргүүдээс цэвэрлэдэг бөгөөд халтиргаа, гулгаанаас сэргийлэх ажлыг ч хариуцдаг. Одоо цацаж буй бодисыг 2014 онд анх оруулж ирж ашиглах үед иргэдийн зүгээс ийм гомдол гарсан тул явган хүний зам дээгүүр цацахаа больсон. Давс, элс ашиглахаа байя гэж бодъё л доо. Зам дээр энд, тэндгүй машин мөргөлдөж, түгжрэл улам ихэснэ шүү дээ” гэж байлаа.
Гадаадад энэ тухайд ямар мэдээлэл байдгийг сонирхлоо. Украины төв телевиз сурвалжилга бэлтгэжээ. Иргэд “Зам дээгүүр цацаж байгаа давс, элсний холимгоос болж гутал өмсөх аргагүй болсон. Мөн нохойны савар өвдсөн. Бүр цус гарсан. Тэгэхээр найрлагад нь химийн хольц байдаг байдаг юм биш биз гэж хардаж байна” гэх зэргээр ярьжээ. Нэгэн иргэн уг холимгийг лабораторид шалгуулахад “ Химийн элемент байхгүй” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Манай улсад хэрэглэж буй давс, бодисын найрлагад химийн элемент байхгүй байж болох ч хэзээ, хэрхэн, ямар хольц, найрлага, тунгаар цацах тухайд сайтар тунгааж, судалмаар санагдлаа.
Бэлтгэсэн Р.Жаргал