Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцсэн байна.
Тодруулбал төрөөс дэд бүтцийг нь шийдэж барьсан “Буянт Ухаа-2” хороололд хөгжлийн бэрхшээлтэй 50 хүний гэр бүл амьдарч байгааг Нийслэлийн орон сууцны корпорацаас танилцуулжээ. Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа таван хувийн квотыг хангаж буй үзүүлэлт аж.
Гэхдээ цаана нь орон сууцанд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэний өргөдөл шийдэгдээгүй байгаа гэнэ. Цаашид ашиглалтад орох 10 мянган айлын “Залуус” хороолол, таван мянган айлын “Солонго” хороолол, ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц зэрэг нийт 20 мянга гаруй айлын орон сууцнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахыг хэлэлцсэн байна.
Дээрх орон сууцнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох таван хувийн квотыг 10 хувь болгон нэмэгдүүлэх чиглэлийг БХБЯ-наас барьж байгааг хурлын үеэр танилцуулжээ. Мөн өмчлөлийн болон эзэмшлийн хашааны газартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн сууц барьж, ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдах нөхцөлийг 2022 оны эхнээс хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн гэж БХБЯ-наас мэдээллээ.