Монгол Улсад Шинжлэх Ухааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлэхдээ дараах амлалтыг өглөө. Тэрбээр хэлэхдээ:
- Миний бие Боловсрол, шинжлэх ухааны салбарын сайдын хувьд цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэчлэлийг эхлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын менежментийг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжнэ.
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор, технологи, инновацийн кластер, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгох замаар судалгааны орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрдэмтэн судлаачдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлнэ.
- Шинжлэх ухааны салбарын үнэт капитал болох хүний нөөцийг хөгжүүлэх, гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол эрдэмтэн судлаач нартай хамтрах, эргүүлэн татах зорилготой “BRAIN DRAIN”– ээс “BRAIN GAIN” бодлогыг санаачлан хэрэгжүүлнэ.
- Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх замаар “нээлттэй шинжлэх ухаан”-ыг хөгжүүлнэ.
- Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн зохистой харьцааг тогтоож, шинжлэх ухаан болон дээд боловсролын уялдааг хангах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зэрэг бодлогын бодит шийдэлд хүрсэн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.