Засгийн газар, ажил олгогч болон ажилтны хууль ёсны эрх ашгийг төлөөлдөг улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021 оны 5 дахь удаагийн хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2021 оны төсвийн хуваарийн өөрчлөлтийг баталлаа. Улмаар цар тахлын дараагийн давалгаанд бэлтгэх, гадна дотны төсөл хөтөлбөрийн хөдөлмөр эрхлэлтийн үнэлгээ хийх, аймаг салбар зөвлөлийн ажилтай танилцах талаар санал гаргасан байна. Ирэх онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төсвийг 2 дахин нэмсэнтэй холбогдуулан төсөл хөтөлбөрүүдийг шинэчлэх хүртээмжийг сайжруулах талаар ирэх хуралд танилцуулах аж.