Цар тахлын улмаас Замын-Үүд-Эрээний боомтын автомашины хөдөлгөөнийг хаан, ачааны галт тэрэг зорчуулж буй. Тэгвэл Эрээнээр задгай чингэлтэй бараа нэвтрүүлэхгүй гэж БНХАУ-ын тал шийдвэрлэсэн тухай мэдээлэл уржигдар түгэв. Улмаар газрын тосноос бусад экспортын бүтээгдэхүүн гаргах боломж хаагдсаныг зарим эх сурвалж дурдсан. Энэ талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд өчигдөр “Төмөр замаар импортын бараа хэвийн оруулж ирж буй бол чингэлгээр эрдэс бүтээгдэхүүн гаргасаар байна. Цаашид задгай чингэлгээр бүтээгдэхүүн авахгүйгээ урд хөрш мэдэгдсэн. Тиймээс Эрээн-Замын-Үүд боомтоор битүү чингэлэг явуулна гэсэн үг. Гашуунсухайтын боомтоор өдөрт 500-700 чингэлэг нэвтрүүлж байгаа” гэлээ. Харин Шадар сайд С.Амарсайхан “Эрээний боомтын бүх төрлийн тээврийг хязгаарласан, хил нээхийг хойшлуулсан гэдэг нь ташаа ойлголт, албан ёсны шийдвэр гараагүй. Ер нь цар тахал намжтал Монгол, Хятад хоёр улсын боомтуудын дундын тэг цэгээс чингэлгээр ачаа, бараагаа солилцоно. Эл ажлыг эхлүүлэх бэлтгэлээ манайх хангасан” хэмээв. Түүнчлэн урд хөршийнхөн хилийн аль боомтоор юу нэвтрүүлэхийг хэзээнээс хязгаарласан, эсвэл хязгаарлах болон ямар асуудал үүссэн тухай бодит мэдээллийг ЗТХЯ, Гаалийн ерөнхий газрынхан өгөх боломжгүй гэлээ.