Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон салбарын зарим мэргэжилтэн “Амгалан дулааны станц” төрийн өмчит компанийн хүчин чадлыг өсгөх төслийг ажлын явцтай танилцжээ. Одоогоор уг төслийн бичиг цаасны ажил бүрэн дуусан, барилга угсралтын талбайг бэлэн болгосон байна. Тус станц нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 11 хувийг нийлүүлж, өвлийн оргил ачааллын үед хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангадаг. Өргөтгөснөөр одоогийн хүчин чадлыг нь 116 мВт буюу 100 Гкал/цагаар өсгөх нэг зуухыг ашиглалтад оруулах юм. Үүнийг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой гэнэ. Ингэж өргөжүүлснээр нийслэлийн зүүн бүсэд 11 000 айл өрх, 340 орчим барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр нэмж хангахаас гадна “ДЦС-3”-ын ачааллыг бууруулж, Улаанбаатарын урд хэсгийн цахилгаан хэрэглэгчдийн найдвартай байдлыг хангах боломжийг нэмэгдүүлэх аж. Барилга угсралтын ажлыг 2022 оны гуравдугаар сард эхлүүлэн 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн С.Дулам