Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар манай улс 2018 онд БНХАУ, ОХУ, Австри, Итали, Турк зэрэг орноос нэг сая гаруй хос гутал худалдан авахад 182 сая орчим ам.доллар зарцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилд нийт 2.3 сая орчим хосыг худалдан авахад 350 гаруй сая ам.доллар зарцуулсан бол зөвхөн өсгий, ул, туслах материал зэргийн импортод 2020 онд долоон сая “ногоон” төлжээ. Импортын гутлыг ангилбал савхин түрийтэй, ширэн болон каучук ултай, биеийн тамирын гэх мэт 10 гаруй нэрийнх байгаа юм. Ер нь хөгжиж буй орнуудын нэг хүн, хүүхэд жилд 3-4 хос гутал өмсдөг гэсэн албан бус тооцоо бий бөгөөд манай улсын хувьд иргэд жилд гурван гутал өмсдөг гэж дүгнэжээ. Тэгвэл жил бүр багадаа 10 сая хос шинэ гутлын хэрэгцээ гардгийг мэргэжилтнүүд хэлсэн.
Монголд одоогоор том, жижиг 100 орчим үйлдвэр ажиллан, жилд 800 000 гутал хийдэг гэнэ. Үйлдвэрлэгчид 500 орчим төрлийн түүхий эд, туслах материал, тоног төхөөрөмж ашиглан, 40 дамжлагаар оруулж байж нэг хос гутал бэлэн болгодог аж. Улмаар 500 нэрийн материалынх нь 60 хувийг импортоор авдаг гэнэ. Харин гутлын үндсэн түүхий эд буюу боловсруулсан арьс, ширний дийлэнхийг дотоодоос нийлүүлж хэвшжээ. Гутал үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулаад гурван жил гаруй болсон “Лугати” компанийн гүйцэтгэх захирал А.Энхмэндтэй товч ярилцлаа.
-Гутлын отгон үйлдвэрийн нэг нь танайх юм байна. Яагаад эл зах зээлийг сонирхон, үйл ажиллагаа эхлүүлэх болов?
-Дэлхий дахинд гутлын үйлдвэрүүд нь боловсруулсан арьс, ширний 60 орчим хувийг ашиглан, мал, амьтны гаралтай түүхий эдийн дийлэнх хувийг “шингээдэг” том салбар. Манай улсад гутлын үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нөөц хангалттай буюу олон малтай. Мөн арьс, шир боловсруулалтын чанарыг улам бүр ахиулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах түвшинд хүрсэн нь давуу тал юм. Манай үйлдвэр “Дархан минж” компаниас түүхий эдээ авдаг бөгөөд байгуулагдсан эхний жилдээ 400 хос гутал үйлдвэрлэсэн. 2019 онд 2000, өнгөрсөн жил цагдаа, цэргийн алба хаагчдад зориулсан буюу ажлын гутлыг оролцуулбал 6000 хосыг хийсэн. Энэ бол чанартай, загвар сайтай гутал хийж хэвшвэл зах зээлд богино хугацаанд танигдан, бүтээмжээ өсгөж болохын нэг жишээ байх. Ер нь ажлын гутлын чанар нь тухайн үйлдвэрийн чансааг тодорхойлдог гэж болно. Манайх шиг тэсгим хүйтэн өвөлтэй газарт цагдаа, цэргийнхэн өдөрт 4-5 цаг гадаа зогсоход тавхай, шилбэнээсээ даарч, хайрдаггүй гутал хэрэгтэй. Ийм гутлыг дотоодын үйлдвэрүүд хийж чадаж буй.
-Гутал хийхэд тулгарч буй ямар бэрхшээл байна вэ?
-Гутлын ихэнх үйлдвэр цар тахлаас өмнө түүхий эдийнхээ 60 орчим хувийг урд хөршөөс авч байсан бол өдгөө эл дүн 80-д хүрсэн. Мөн материалын зардал хоёр дахин өссөн. Иймээс бэлэн бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсээр байна. Түүнчлэн үндсэн түүхий эдийг бэлтгэн нийлүүлж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд татварын хөнгөлөлт үзүүлбэл бид илүү хямд бүтээгдэхүүн худалдан авч, улмаар гутлын ханшийг өсгөхгүй байх боломжтой. Олон улсад гутлын төдийгүй аль ч бүтээгдэхүүн үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчээс эхлэн борлуулагчид нь хүртэл харилцан уялдаатай ажиллан, нэгнээ дэмжин хөгждөг. Өдгөө дэлхийн зах зээлд арьс, шир, үслэг эдлэлийн нийлүүлэлтээр тэргүүлэгч Турк улс эл салбараа хөгжүүлэхийн тулд малчид, фермерүүд нь эрүүл мал өсгөн адгуулахаас эхлэн анхаарч, сүүлийн 30 гаруй жил “ноцолдсон” юм билээ. Өөрөөр хэлбэл, чанартай, хямд үнэтэй, загварлаг гутлыг дотооддоо үйлдвэрлэн, иргэд өмсөж хэвшин, улмаар экспортлогч болохын тулд малчны хотноос ажлаа эхлүүлэх шаардлагатай. Дотоодод үйлдвэрлэсэн, ялангуяа өвлийн гутал тун дулаан. Чийг татахгүй, эдэлгээ сайтай зэрэг давуу тал олон. Хэрэглэгчид энэ талаар илүү ойлголттой болж, үндэсний үйлдвэрийн гутлаа худалдан авч хэвшээсэй. Гэхдээ үнийн хувьд дотоодод үйлдвэрлэсэн гутлууд ижил чанар, загвартай гэж болохуйц Итали, Туркийн “тансаг” брэндийнхээс 4-5 дахин хямд, урд хөршөөс бөөнөөр нь оруулж ирдэг бүтээгдэхүүнээс 50-80 хувиар өндөр ханштай байна. Тиймээс бид иргэдийг гутал зээлээр худалдан авах, мөнгөө хувааж төлөх боломж бүрдүүлсэн гэв.
Хан-Уул дүүргийн V хороонд өвөл, хавар, намарт өмсөх арьсан гутлын өрхийн үйлдвэрлэл эрхлээд найман ажил болж буй Б.Уртнасан “Би байшингийнхаа нэг хэсгийг цех болгон тохижуулж, захиалгаар гутал хийдэг. Энэ өвлийн хувьд эрэгтэй, эмэгтэй нийт зургаан загварын нэхий дотортой, арьсан гутал хийж борлуулж буй. Үндсэн түүхий эдээ дотоодоос авч, ул болон туслах материалыг урд хөршөөс бэлтгэдэг. 2015 онд хийсэн гутлыг маань одоо ч өмсдөг хүмүүс байдаг. Чанарын хувьд тун сайн бөгөөд сурталчилгаа хийх шаардлагагүй, хэрэглэгч олонтой. Хэрэв туслах материалын нийлүүлэлт хэвийн, ажиллах хүчний хомсдол үгүй бол өрхийн үйлдвэрлэлээ эрхлээд явахад асуудал байхгүй” гэсэн юм.
Дотооддоо гутал хийн, хэрэглэгчээ нэгэнт татсан үйлдвэр олон байна. Тэдгээрийн бүтээгдэхүүний давуу тал нь хүйтэнд дулаан, халуунд чийг татдаггүй, эдэлгээ удаан зэрэг юм. Түүнчлэн 10-аад жилийн өмнөх үетэй харьцуулахад өдгөө дотоодын гутлын чанар илүү сайжрахын зэрэгцээ өнгө, үзэмж нь ч гологдохооргүй болжээ. “Мишээл экспо” төвд зохион байгуулсан “Арьс, шир, ноос, ноолууран эдлэлийн үзэсгэлэн худалдаа”-нд өнгөрсөн долоо хоногт таарсан Чингэлтэй дүүргийн XVIII хорооны иргэн Г.Цэцэгдэлгэр “Дотоодод үйлдвэрлэсэн, өнгө, үзэмж сайтай, чанартай, нэхий дотортой, өвлийн, эрэгтэй хүний гутлыг 330 000 төгрөгөөр, эмэгтэйг нь 280 000-аар худалдан авлаа. Дөрвөн жилийн өмнө мөн л үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан гутлууд маань одоо нэлээд хуучирсан ч өмсөж болохуйц байгаа. Харин энэ жилийн хувьд гутлын үнэ нэлээд нэмэгджээ. Дөрвөн жилийн өмнө нөхөр бид хоёр нийт 400 000 хүрэхгүй төгрөгөөр гутал авсан санагдана” гэсэн юм.
Эндээс харахад монголчууд гутлын үйлдвэрлэлийн бүтээмжээ сайжруулан, үзэмжтэй, чанартай бүтээгдэхүүн хийж сурчээ. Улмаар уг салбарыг илүү хөгжүүлэхэд дараах гурван зүйлийг анхаарбал зохихыг хэлэх хүн цөөнгүй байна. Нэгдүгээрт, малын арьс, ширний чанарыг сайжруулах буюу үндсэн түүхий эдийг олон улсын жишигт нийцсэн байдлаар бэлтгэх ёстой аж. Тухайлбал, үхэр, хонины арьс нь шарх, сорви ихтэй, тэлж, сунгах явцад урагддагаас нэг гутал хийхэд зарцуулах түүхий эд нэмэгдэж, зардал их гарч буйг “Дархан минж” компанийн Улаанбаатар хот дахь салбарынхан хэлсэн. Хэт хөгширсөн, арьс нь үйлдвэрлэлийн түүхий эдийн шаардлага үл хангах малаа малчид “муулдаг” байдлыг халах хэрэгтэй гэнэ. Хоёрдугаарт, гутал үйлдвэрлэлийн салбарт ажиллах боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд анхаарах нь. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд хөнгөн үйлдвэр буюу арьс, шир, нэхмэл, сүлжмэл эдлэлийн технологич, инженер мэргэжлээр 100 хүрэхгүй оюутан төгссөн нь хүний нөөцийн хомсдол хэр байгааг харуулсан дүн. Сүүлийнх нь дотоодод үйлдвэрлэсэн гутлын чанарыг иргэдэд сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэгчдийн гутлыг аль болох сонгох дадлыг хэвшүүлэх учиртай юм байна. Хэрэв үндэсний үйлдвэрүүдийн гутлын эрэлт ихэсвэл нийлүүлэлт нь өсөн, улмаар үнэ нь тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Цаашилбал бид дулаан, сайн гутал өмсөж хэвшвэл эрүүл мэндэд нэн тустай гэдгийг ойлгож ядах зүйлгүй. Товчхон хэлбэл, дотоодын гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх гурван тулгуур нь чанартай түүхий эд, чадварлаг хүний нөөц, эрэлт буюу хэрэглэгч байх нь. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн дийлэнх зах, худалдааны төвд БНХАУ-аас оруулж ирсэн, том хүний, өвлийн гутлын үнэ багадаа дунджаар 80 000, хүүхдийнх 40 000-50 000 төгрөг байсан бол үндэсний үйлдвэрийнхийг дунджаар 150 000-аар үнэлжээ. Харин Итали болон Туркээс нийлүүлж буй тансаг зэрэглэлийн гэж болохуйц гутлууд 500 000-1 500 000 төгрөгийн үнэтэй байв.