Бид долоо хэмжиж, нэг огтлох сонголтын өмнө ирээд байна. Амьдралаа алсдаа баталгаатай болгоё, үр хүүхдэдээ өв үлдээе гэвэл Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг заалт нэг бүрээр нь үзэж, шинжиж, мөшгөх учиртай болчихоод байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлсэн байна”, “Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлж, төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжинэ” гэж заасан учраас эл хуулийн төслийг УИХ-аас эрт, оройгүй батлах нь тодорхой байгаа юм. Харин үүнээс урьтаж олон нийт хуулийн төсөлтэй бүрэн танилцаж, засах зүйл бий аваас нэн даруй сайжруулах шаардлагатай. Учир нь хүн амын насжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал нь орлогоосоо давж, алдагдал нь нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, бидний өнөөдөр төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг аль хэдийн урьдчилан зарцуулчихаад байна гэхэд ч хилсдэхгүй.
Тухайлбал, хүн амын дундаж наслалт 2019 оны байдлаар эрэгтэй 66.38, эмэгтэй 75.96-д хүрчээ. Энэ нь 2008 оны түвшинтэй харьцуулахад 4.5 насаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн нийт хүн амд ахмад настны эзлэх хувь 2019 онд 9.4 байсан. Тэгвэл 2050 онд энэ үзүүлэлт 21.1 хувьд хүрэх төлөв гарчээ. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тоо 2020 онд дөрөв байв. Харин 2030 онд уг тоо долоо болох урьдчилсан тооцоолол бий.
Дээр нь Тэтгэврийн даатгалын сангаас 2020 онд төсвийн татаасыг оролцуулан тэтгэвэрт 2.1 их наяд төгрөг зарцуулсан. Үүнийг 2019 оныхтой харьцуулахад 17 хувь буюу 314.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс олгосон татаас 2020 онд 396.1 тэрбум төгрөг буюу тэтгэврийн нийт санхүүжилтийн 18.4 хувийг эзэлдэг.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд зааснаар иргэн сайн дураар нэмэлт даатгалд хамрагдахаас гадна нийгмийн даатгалын шимтгэлээ заавал давхар төлөх учиртай. Тодорхой хэлбэл, хөдөлмөрийн үр шимээсээ нэг хэсгийг нь Хувийн нэмэлт даатгалын санд, бас нэг хэсгийг нь нийгмийн даатгалд төвлөрүүлнэ. Үлдсэн багахан хэсгийг нь өөртөө, өрх гэртээ зарцуулна. Харин 20 жилийн дараа Хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөө авах эрх үүсэх юм. Мөн тэтгэврийн насанд хүрсэн бол тэтгэврээ авна. Өөрөөр хэлбэл, 20-25 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүст улсаас суурь тэтгэвэр олгоно. Нэмээд хувийн нэмэлт тэтгэврээ авна.
Ингэхээр уг нь сайхан санагдаж байгаа биз. Гэхдээ Чили улсад 1970-1980 онд Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн туршлагыг нэвтрүүлжээ. Ингээд иргэдээсээ сар бүр тодорхой хэмжээний мөнгө авч, хуримтлуулж эхэлсэн байдаг. Иргэд ч тэтгэврийн насанд хүрэхээрээ их мөнгө авна хэмээн итгэж найдан эл санд мөнгөө дуртайяа тушааж байж. Гэтэл тус улс 2018 онд тэтгэврийн насны маш олон иргэнээ элгээр нь хэвтүүлж, гашуун зовлонд унагасан юм билээ. Анхандаа гоё гоё амлалт өгч, сайхан зүйлс ярьж байсан хувийн хэвшлийнхэн Хувийн нэмэлт тэтгэврийн санд иргэдийн төвлөрсөн мөнгийг аваад гадаад руу зугтсан байдаг. Ингээд сайн туршлага нэвтрүүлснээрээ дэлхий дахинд гайхагдаж байсан Чили улс иргэдээ дампууруулсан түүхтэй. Улмаар чиличүүд хоёр жилийн өмнө олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ хуулийн төслийг батлагдахыг хүлээж буй хувийн хэвшлийн нэр бүхий компани бий гэх. Мөн эл хууль сайн, эсвэл саар болох нь хамаагүй, ямар ч байсан батлуулахаар улайрч буй УИХ-ын гишүүд ч байгаа гэнэ. Аргагүй л дээ, зүгээр сууж байгаад иргэдээс сар бүр мөнгө авна гэхээр үүнийг нэвтрүүлэх гэж хорхойсох аж ахуйн нэгж цөөнгүй гарч ирэх нь ойлгомжтой. Түүнчлэн иргэд хуримтлуулсан мөнгөндөө 20 жил гар хүрэхгүй гэхээр зарим нэгэнд бол уг хөрөнгийг ашиглах томоохон боломж гэж харагдана.
…Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ иргэдийн эрх ашгийг бүрэн хамгаалахуйц сайн хууль батлах шаардлагатай. Ийм хууль батлуулахад та бидний үүрэг оролцоо хамгаас чухал…
Нэг зүйлийг онцгойлон сануулахад, 2010-аад онд хадгаламж, зээлийн хоршоо борооны дараах мөөг шиг олширч, мөн ар араасаа дампуурч, олон иргэн орох оронгүй ч болж байв. Тухайн үед хадгаламж, зээлийн хоршоо байгуулах зөвшөөрөл өгдөг, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн Санхүүгийн зохицуулах хороо дорвитой ажиллаагүйг хуульчид хэлж байв. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар ч эл асуудал яригдсан удаатай. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг баталбал хэрэгжилтэд нь Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм билээ. Тэгэхээр хууль батлагдахаас өмнө мөнгөө, санхүүгээ хадгалуулж буйн хувиар хяналт тавих төлөөлөлд иргэд ч оролцох санал гаргаж, шийдвэрлүүлэхэд оройтоогүй. Эс бөгөөс зарим хувийн хэвшлийнхэн иргэдийн сайн дураараа өгсөн мөнгийг санхүүгийн эргэлтэд оруулж байгаад Чилийнхний адил ор сураггүй, усанд хаясан чулуу шиг алга болохыг үгүйсгэх аргагүй. Нэмж сануулахад, иргэд одооноос хууль боловсруулагчид болон нийгмийн даатгалын байгууллагынхнаас хуулийн төсөлтэй холбоо аливаа мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг шаардаж, нэхэх хэрэгтэй байна.
Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчин одоогоор бүрдээгүй. Гэхдээ зарим байгууллага өөрсдийн ажиллагчдыг хамруулсан хувийн тэтгэврийн санг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж буй. Хууль батлаагүй ч хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа практикт бүрэлдсэн. Өнөөдрийн байдлаар хувийн тэтгэврийн санд хамрагдаж, мөнгөө төлсөн 14 000 гаруй даатгуулагч, ажилтан бий аж. Тэдний зарим нь Хувийн нэмэлт тэтгэврийн санд төвлөрүүлсэн мөнгийг нь өөр зүйлд хөрөнгө оруулаад үрэн таран хийчих вий гэсэн хардлага, айдастай байгаагаа хэлсэн. Мөн судлаачид “Томоохон бизнесийн байгууллагууд хажуудаа Хувийн нэмэлт тэтгэврийн сан байгуулах нь эрсдэл дагуулна” хэмээн үзэж буйгаа нуугаагүй. Мөнгөө Хувийн нэмэлт тэтгэврийн санд хадгалуулсан иргэний эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эрсдэлийг хэн үүрэх нь тодорхойгүй учраас ийн анхааруулсан хэрэг.
Уг нь Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ иргэдийн эрх ашгийг бүрэн хамгаалахуйц сайн хууль батлах шаардлагатай. Ийм хууль батлуулахад та бидний үүрэг оролцоо хамгаас чухал. Одоогоор 32 улс хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлжээ. Үүнийг нэвтрүүлсэн улсын хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сан, даатгалын компаниуд аж. Олон улсын сайн, бас муу туршлага бидний алганд дээр тавьсан мэт ил байгаа. Алдахгүйн тулд сайн хууль батлуулах, хяналтын тогтолцоог чамбайруулах бүх боломж нь нээлттэй. Гагцхүү шинэ тутам салбар, тогтолцоо учраас мэдээллийн эхэнд дурдсанчлан хуулийн төслийг батлахаас өмнө сайтар танилцаж, алдаа мадгаа засах хэрэгтэй байна.
Бэлтгэсэн Д.Тэлмэн