Талибан хөдөлгөөн Афганистанд дангаар төр барих болсноор маш олон хүний хувь заяа, амьдралд эрс өөрчлөлт гарсан. Тус хөдөлгөөний харгис гэмээр бодлого, шийдвэрээс эмээсэн, мөн эсэргүүцсэн зарим нь эх орноо орхин дүрвэв. Тэдний дунд цөөнгүй тамирчин бий. Тухайлбал, эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглох нь тодорхой болсны улмаас хөлбөмбөгийн шигшээ багийг нь Австрали залуучуудын эмэгтэйчүүдийн багийг нь Португал улс хүлээж авахаар болсон.
Тиймээс залуучуудын багийнхан саяхан Британид хүрэлцэн иржээ. Нийт 30 хөлбөмбөгч болон гэр бүлийнхэн (130 орчим хүн) нь Лондонд газардсан байна. Лондон хүрэх тэдний зам амар байсангүй. Тэд эхлээд Пакистанд очиж, Британийн виз авахаар хүлээж байтал Пакистаны визний хугацаа дууссан аж. Энэ үеэр Премьер лигийн “Лийдс” баг тусламжийн гараа сунгаж, охидыг Афганистан руу буцаалгахгүйн тулд залуучуудын багтаа тоглохыг санал болгожээ. Гэвч тэдэнд зардал байхгүй учир Пакистанаас хаашаа ч явах боломжгүй болоод байтал Америкаас Ким Кардашьян тусалсан аж. Сайн санааны “Цедек” байгууллагыг үүсгэн байгуулагч Моше Маргареттен өмнө нь түүнтэй ажиллаж байсан учир биечлэн тусламж хүсжээ. Тэгтэл нэг цаг орчмын дараа Ким Кардашьян онгоцны тасалбарын үнийг төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн аж.
“Лийдс” багийн захирлуудын зөвлөлийн дарга А.Радриззани энэ талаар “Эхний хуудсаа бид бичлээ. Афганистаны залуучуудын багийг аварна уу хэмээн над руу утасдах үед би юунаас эхлэхээ мэдэхгүй сандарсан. Харин тэд өнөөдөр Ким Кардашьяны ачаар Британид ирлээ. Тэдний хүслийг биелүүлсэн хүмүүсийн нэг болсондоо баяртай, хэзээ нэгэн цагт “Лийдс”-т тоглох байх” гэж ярьжээ.
Афганистаны эмэгтэй хөлбөмбөгчдийн эрхийн төлөө шигшээ багийн ахлагч асан Халида Попал олон жил тэмцэж буй. “Эдгээр тоглогчийн олонхынх нь гэр бүл талибууд засгийн эрхэнд гарсны дараа гэр орноо орхин дүрвэсэн. Тэдний гэрийг нь шатааж, гэр бүлийнх нь гишүүнийг алж, заримыг нь баривчилсан. Аюул, стресс хэрээс хэтэрсэн учраас тэднийг Афганистанаас аль болох хурдан явуулах нь чухал байлаа” хэмээн Х.Попал ярьжээ.
Тус улсад засаг солигдсоны дараа эрэгтэйчүүдийн баг нь ч хүнд байдалд ороод буй. Афганистанд хөлбөмбөгийг албан ёсоор хориогүй боловч холбооных нь гол хүмүүс, шилдэг тоглогчид нь хилийн чанад руу дүрвэжээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд тусалсан учир талибууд өөрсдийнх нь амийг өршөөхгүй хэмээн холбооны удирдах хүмүүс эмээж байгаа аж. Гэвч Афганистаны шигшээ баг талибаны дэглэм засаг барих болсноос хойших анхны нөхөрсөг тоглолтоо Индонезийн багтай Туркийн Белек хотод хийжээ. Холбооны дансыг царцаасан учир тэд ФИФА-д хандан тусламж хүссэнээр уг тоглолт амжилттай явагдах нөхцөл бүрдсэн гэнэ. Тус тоглолтын хожлын гоолыг Польшийн дөрөвдүгээр лигт тоглож байсан Омид Попалзай оруулж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ.