Улаанбаатар хот орчимд нутагладаг хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нийслэлийн Байгаль орчны газраас хийсэн байна. Тус газраас 2016 онд ийм судалгаа хийж, 53 зүйлийн хөхтөн амьтан бүртгэжээ. Тэгвэл энэ удаагийн судалгааны үр дүнд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 58 зүйлийн амьтан бүртгэсэн байна. Энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 хувийг эзэлжээ. Судалгаагаар өмнө нь нийслэлд харагдаж байгаагүй буурал сармаахай, дагуур зурам, өргөөнт оготно, ойн хөвхөлжин зэрэг амьтныг илрүүлжээ. Мөн халиун буга, бор гөрөөс, янгир, тарваганы тоо өссөнийг тогтоосон аж.
Нийслэл орчмын хөхтөн амьтдыг ховордлын зэрэг буюу Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар үнэлэхэд есөн хувь нь олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд байжээ. Харин ихэнх буюу 86 хувь нь анхааралд өртөхөөргүй гэж үнэлэгдсэн аж. Судалгааны хүрээнд амьтдын амьдрах орчинд хотжилт хэрхэн нөлөөлж байгааг мөн тодруулжээ. Үүний үр дүнд долоон дүүргийн газар нутгийн 62.5 хувь нь амьтан идээшлэх боломжгүйд хүрснийг тогтоосон байна. Тиймээс цаашид зэрлэг амьтан нүүдэллэх боломж бүрдүүлэх, экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, ойн санд газар олгохыг хориглох шаардлагатай гэж нийслэлийн Байгаль орчны газрынхан дүгнэжээ. Мөн тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах шаардлагатай гэв.
Бэлтгэсэн М.Оч