УДЭТ-ынхан 90 жилийнхээ ойн хүрээнд “Хаадын хаан: Андгай” шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэхийн сацуу цуврал арга хэмжээ зохион байгуулж буй. Тодруулбал, уржигдар Монголын театрын музейтэй хамтран “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэн дэлгэж, “Театр-90” хүндэтгэлийн үйл ажиллагаа явуулсан юм. Үзэсгэлэнд УДЭТ-ын 90 жилийн хугацаанд тайзнаа “амилуулсан” бүх уран бүтээлийн зурагт хуудас, урилгыг дэлгэжээ. Мөн хамгийн анхны “Үнэн” жүжгээс эхлэн хамгийн сүүлд тус театрын тайзнаа тоглосон “Хаадын хаан: Андгай” жүжгийн гэрэл зургийг үзэсгэлэнд багтаасан байв. Эл үзэсгэлэнгийн талаар УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу “Театрын 90 жилийн түүхийг таван үечлэлд хуваан, өмнө нь дэлгэж байгаагүй гэрэл зураг, түүхэн баримт, бичвэрээр шинэчлэн толилууллаа” хэмээн онцолсон. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны 50 дугаар тогтоолоор Улсын төв театр байгуулж, С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр үүдээ нээсэн. Тус театрыг АИХ-ын тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон аж. Өчигдөр тус театрын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Түүнчлэн энэ өдөр “Эрдмийн театрын элэгдэшгүй түүх”, “Алтан тайзны эзэд-2” номын нээлт, эрдэм шинжилгээний бага хурал болсон. Эдгээр номд тус театрын үе үеийн уран бүтээлчдийн хөрөг, дурсамж болон жүжгүүдийн талаар судлаач, шүүмжлэгчдийн бүтээлүүдийг нэгтгэжээ. Өнөөдөр “Соён гэгээрүүлсэн 90 жил” хүндэтгэлийн тоглолт болно.
Бэлтгэсэн А.Хангай