Янз бүрийн орны хүмүүс ажил хэргийн уулзалтад юуг анхаардаг, энэ нь аж байдлынх нь онцлогтой хэрхэн холбогддог, түншлэгчдийнхээ юунд анхаарч хандах талаар сонирхолтой материалыг “Еsquire” сэтгүүл нийтэлснийг товчлон хүргэе.
- Ази тивийнхэнтэй, тэр дундаа хятад хүмүүстэй хамтран ажиллахын тулд ёс заншил, амьдралын хэв маяг зэргийг нь судалж, бэлтгэх хэрэгтэй. Тэд өдөр тутмын ажил, бизнесээ ч сүсэг бишрэл, итгэл үнэмшилд тулгуурлах нь хэвийн үзэгдэл. Жишээлбэл, хятадууд бизнесийн хамтрагчдаа бугуйн болон бусад төрлийн цаг бэлэглэхийг таашаадаггүй. Энэ нь амьдралыг цаг хугацаатай түр зуурын зүйл гэж сануулахгүйн тулд гэнэ. Та энэ улсын хамтрагчдаа ном бэлэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь Хятад хэлд “ном” гэдэг нь “алдагдал” гэсэнтэй адил бичигддэг гэнэ. Зоогийн газарт уулзалтын үеэр хятадууд данхны цоргыг хэн нэгэн рүү чиглүүлэн тавьдаггүй. Хэрэв цорго хүн рүү чиглэсэн бол ямарваа нэгэн нэхэмжлэлийн илэрхийлэл гэж үздэг байна. Түүнчлэн ажил хэргийн хүрээнд дайлж цайлахад савхыг будаанд зоож тавих нь хятадуудын хувьд үзэл бодол нийлэхгүй, дайн зарлалаа гэсэн утгатай учраас анхаарах учиртай аж.
- Япончуудын ажил,хамтрагчдаа хандах соёл гайхамшигтай. Энэ улсын иргэд хүүхэд байхаасаа л хөдөлмөрлөх, үүнд хандах соёлд суралцдаг. Үүнээс дангэ, инэмүри гэсэн ойлголт бий болжээ. Дангэ бол япончуудын хувьд энгийн жишиг гэж үздэг хэт ачаалал юм. Инемүри гэдэг нь үдийн хоолны цагаар ажлын байрандаа хэсэг дуг хийхийг хэлдэг. Энэ хоёр ухагдахуун ажил, хөдөлмөр эрхэлдэг япон хүн бүрийн хувьд бараг “хууль”. Нийгмийн нэг үзэгдэл гэж тайлбарладаг байна. Бизнесийн хүрээнд япончууд нэрийн хуудсанд ёс төдий ханддаггүй. Энэ тал дээр баримталдаг зарчим бий. Үүнийг солилцох нь зайлшгүй бөгөөд харилцан хүндлэлийн нэг хэлбэр гэж үздэг. Ингэхдээ баруун гараараа өгөөд, зүүн талынхаараа ярилцагчийнхыг авдаг. Зарим тохиолдолд хоёр гараараа, тохойгоо бага зэрэг өргөөд нэрийн хуудсаа өгөх нь бий. Энэ нь онцгой хүндэтгэлийн илрэл. Ихэвчлэн удирдах албан тушаалтанд ингэж ханддаг. Түншүүд, ялангуяа удирдах албаныхантай харилцахдаа дуу хоолойн өнгө, аясдаа анхаарч, кейго буюу хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэдэг уламжлалтай. Энэ нь япончууд ахмад, удирдах хүнээ дээдэлдэг уламжлалт соёлтой нь холбоотой.
- Пакистаны бизнес эрхлэгчид шатлан захирах ёс буюу албан тушаалын эрэмбэд онцгой анхаардаг. Тэндхийнхэнтэй түншлэхдээ үүнийг үл тоож болохгүй. Дээд удирдагч нь л тухайн санал, санаачилга, ажил хэргийг батлах хүртэл доод түвшний хамт олонтой, хэн нэгэн албан тушаалтантай ярилцах, цаг зав гаргах нь үр дүнгүй хий хоосон зүйл болдог талаар Барууны түншүүд тухайлан тэмдэглэдэг. Энэ нь нэгн талаар шашны үзэл баримтлалтай нь холбоотой аж.
- Казахстантай холбогдож, түншлэх бол тэдний дэндүү “өөриймсөг” занд дасах хэрэгтэй. Казакууд заримдаа хэтэрхий хачин гэмээр илэн далангүй. Хамтрагч, түншээ ч гэр бүлийн асуудалдаа оролцуулдаг. Жишээ нь, гэр бүлд нь уй гашуу тохиовол оршуулганд нь гадаадын түншээ “урьдаг”. Өөр нэг сонирхолтой хандлага нь ажил хэргийн уулзалтыг албан өрөөнд, оффист зохион байгуулахаасаа илүүтэй кафед товлодог.
- Азербайжан түнштэйгээ уулзаад шууд л ажил хэргийн талаар яриа өрнүүлэх нь үл хүндэлсэнд тооцогдох гэнэ. Тэдний хувьд аливаа уулзалт “жижиг яриа”-гаар эхэлдэг. Энэ нь эхний таван минутыг хувийн асуудал, эрүүл мэнд, гэр бүлийн тухай асуухад зориулах нь дээр гэсэн үг. Хүүхдийнх нь хичээл, сургуулийн талаар асуух нь бараг л тогтсон хэв маяг бөгөөд үүнд дэлгэрүүлэн хариулах шаардлагагүй. Зүгээр л “оршил” болсон асуулт гэж болно.
- Туркт ажил хэргийн хамтрагчид, эсвэл компанийн хамт олон хооллож, гадуур чөлөөт уулзалт хийж, наргиж цэнгэх тохиолдолд зардлыг аль нэг хэсгийн ахлагч, өөр нэгэн биш, ерөнхий менежер, хамгийн том дарга нь төлдөг бичигдээгүй дүрэмтэй. Ажил хэргийн ч бай, хамт олны ч бай уулзалт, зоогийн үеэр эрэгтэй хамтрагчид байгаа тохиолдолд эсрэг хүйснийхний тухай болон “Тэр жирэмсэн, амаржсан” гэж ярих нь зарчмын хувьд хориотой. Үүнийг тухайн эмэгтэйг доромжилсон, дорд үзсэнтэй адилтгадаг байна. Энэ нь шашин шүтлэг, эсрэг хүйсийнхэнд хандах хандлага зэрэг уламжлалтай нь холбоотой.
- Францад хамт ажиллагсад үдийн хоолны үеэр нэг шил дарс уух нь хэвийн үзэгдэл. Ажил хэргийн уулзалтаас гадна ажлын ярилцлагыг кафед өрнүүлэх нь энэ улсын бизнес хүрээллийнхэнд энгийн л явдал. Ажил горилогчийг дарсаар дайлахыг ч хэвийнд тооцдог. Магадгүй францчуудын амьдралын салшгүй хэсэг нь дарс учраас үүнийг гайхах нь харин хачин байж мэднэ. Ер нь францчуудын хувьд хоол бол онцгой зүйл бөгөөд энэ утгаараа зоогийн газрыг “ариун дагшин” гэж болно. Францад наймдугаар сарыг “завсарлага” үе гэж үздэг. Жижиг бизнес эрхлэгчдээс эхлээд томоохон компани, ажил олгогчид, төв оффисууд гээд хаа саагүй хаалттай, амралтыг бол утгаар нь эдэлдэг учраас тус улсынхантай түншлэхдээ үүнийг заавал мэдэх ёстой. Та зуны дунд сард тэдэнтэй ажил хэргийн талаар яриад нэмэргүй.
- Испаничуудын хувьд ажлын цагийн хуваарь нь тун өвөрмөц. Үүнийгээ цаг агаарын онцлогтойгоо холбон тайлбарладаг. Үүнийг сиэста гэнэ. Испани хэлний зургаа дахь цаг, өөрөөр хэлбэл үд гэсэн утгатай сиэстаг халуун дулаан бүсийн орнуудад бармталдаг. Жишээ нь Грект 14.00-17.00, Италид 13.00- 16.00, Испанид 13.00-17.00 цагийг сиэста гэж энэ хугацаанд бүх үйл ажиллагаагаа зогсоож амарч, унтдаг. Өөрөөр хэлбэл, гурав, дөрвөн цагийн завсарлага юм. Бүс нутгийнхаа онцлогт тохируулсан уламжлалт эл завсарлага нь эртнээс улбаатай бөгөөд испаничууд хувьд сиестагийн дараа ажилдаа буцаж очих нь бараг үгүйг тэндхийнхэнтэй түншлэгчид сануулдаг. Тэр үеэр ажил албаны уулзалт товлох нь гэнэн хэрэг гэсэн үг. Испаничууд ажлын дараа шар айраг, дарс уудаг уламжлалтайгаараа бас их алдартай. “Орой болоход агаарын хэм буурч, хүмүүс аажмаар гудамжинд гардаг. Энэ бол найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа уулзах хамгийн тохиромжтой цаг юм. Тэд ихэвчлэн ажлаа тараад шар айраг уухаар явдаг. Өглөө 06.00 цагт цаг агаар илүү таатай, зөөлөн, хүйтэн шар ундаа нь өдрийн халуунд “тэсэх” нэг хэлбэр” гэж өөрсдийн талаар бичсэн байна.
- Германчууд хөдөлмөрийн талбар дээрх соёлоороо нэлээд алдартай. Тэдний гол онцлог бол цаг баримтлах. Ганц минут хоцорсон хүн тэр даруй найдваргүй гэж нэрлэгдэх бөгөөд магадгүй түншлэлээ дуусгах эрсдэлтэй. Германчууд хамтрагчаа та гэж хүндлэн дуудахаас гадна нэрийг нь бүтнээр хэлдэг. Энэ бол тогтсон уламжлалт заншил шахам зүйл. Ажил хэрэгч соёлд түншүүд харилцан “даруу” байх буюу үнэт эдлэл, ховор, үнэ ханш өндөртэй цаг зэргээс татгалзахыг эрмэлздэг. Харин эсрэгээрээ хамгийн хямд худалдан авалтаараа “өрсөлдөх” соёл сүүлийн үед дэлгэрээд буй гэнэ. Томоохон үйл явдал, жишээ нь, тэтгэвэрт гарах, хурим, хүүхэд төрүүлэхээс бусад тохиолдолд ажлын хүрээнийхэн бэлэг өгөхийг зөвшөөрдөггүй.
- Швед улс лагом(шаардлагатай) философиороо, мөн фика хэмээх зүйлээрээ алдартай. Шууд утгаараа энэ нь ямар ч байдлаар “орчуулагдаагүй” ч шведүүд өдөрт хэд хэдэн удаа зохион байгуулдаг кофены завсарлага гэсэн үг юм. Аяга кофе ууж, амттан идэнгээ хамт ажиллагсадтайгаа ярилцах нь скандинав эв нэгдлийн чухал хэлбэр. Фика бол кофе гэсэн швед үг. Та ажил хэргийн түншлэл зохион байгуулж, уулзалт хийхээр төлөвлөсөн бол сайн кофе, сайхан амттаныг мартах ёсгүй.
Бэлтгэсэн Э.Хана