Манай улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авна гэж тусгасан. Энэ дагуу Хэнтий аймгийн Норовлин сум дахь Улз голын эхийг хоёр жилийн өмнө тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад оруулсан билээ. Тэгвэл өдгөө холбогдох байгууллагууд хамтран тус голын байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлжээ. Эл төлөвлөгөөг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тусгай хамгаалалттай бүсэд ашигладаг аргачлалаар боловсруулахаараа онцлог гэнэ.
Улз голын эхийг тэжээн тэтгэдэг дөрвөн булаг Норовлин сумд бий. Менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийнхэн “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хүрээнд тэдгээр булгийг хашиж хамгаалахаар болжээ. Үүний хүрээнд тухайн орчимд нутагладаг Ангирт, Онон багийн иргэдтэй уулзаж, саналыг нь сонссон байна.
Бэлтгэсэн Ж.Сувд