Даян дэлхийн байгаль орчны сангийнхан орчны бохирдол бууруулах, хогны менежментийг сайжруулах чиглэлээр “Хоггүй Монгол” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж буй. Тэд үүний хүрээнд, орон нутгийн удирдлагын хүсэлтийг үндэслэн Төв аймгийн Бүрэн, Сэлэнгийн Мандал сумд хог ангилан ялгах, шахаж нягтаршуулах зориулалттай төхөөрөмж (пресслэгч) өгчээ. Энэ нь хуванцар сав, хөнгөн цагаан лааз, бүх төрлийн цаасыг нягтаршуулж, дахин боловсруулахад бэлтгэдэг байна. Талууд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг тус хоёр сумд хэрэгжүүлэх бөгөөд төхөөрөмжөөр нягтаршуулж, бэлтгэсэн дахиврыг нийслэл дэх “Төвшин сайхан төв”-д тогтмол нийлүүлэх гэнэ.
Төсөл хэрэгжүүлэгчид “Бид хоггүй сум болох санаачилгад дэмжлэг үзүүллээ. Одоо орон нутгийн иргэд хичээх үлдлээ. Дахивраа цаг тухайд нь тушааж, идэвх санаачилгатай ажиллахгүй бол төхөөрөмжөө буцааж авна. Сумын удирдлагаас хариуцлага нэхнэ. Хогоо ангилан ялгадаг жишиг сум болох эхлэлийг тавихад нэг жилийн хугацаа хангалттай” гэв.