Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хотын агаарын чанар эрс муудав. Орой төдийгүй өдрийн цагаар ч хотын зарим бүсэд агаарын бохирдол хүлцэх хэмжээг давсаар байна. Тухайлбал, өчигдөр 15.00 цагийн байдлаар Баянхошуу орчимд хорт бодисын хэмжээ 438 буюу маш их бохирдолтой түвшинд хүрэв. Нисэх, Яармаг хавьцаа улбар шар түвшинд буюу бага зэргийн бохирдолтой (бодисын хэмжээ 183) байлаа. Энэ үед Улаанбаатар дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын 34 дүгээрт эрэмбэлэгдсэнийг олон улсын агаарын чанарын мэдээллийг нэгтгэдэг “AirVisiual” аппликэйшн уламжлав. Үүнээс хоёр цагийн дараах үзүүлэлтээр Баянхошуу маш их бохирдолтой хэвээр байсан бол хойно нь Нисэх, Долоон буудал, Хайлааст, Хархорин орчим оржээ. Тухайн газруудад агаар бохирдуулагчийн хэмжээ өдрийнхөөс 20-30 хувиар нэмэгдсэн байлаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийнхэн Улаанбаатар хотын агаарт түгээмэл тархсан таван төрлийн бодисыг тогтмол хэмжиж, долоо хоног тутам тайлагнадаг. Өнгөрсөн сарын 25-31 хүртэлх буюу сүүлийн долоо хоногийн агаарын чанарын мэдээг харахад нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор хүлцэх хэмжээг 4-5 өдөр давжээ. Азотын давхар исэл болон хүхэрлэг хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс эрс ихэссэн байна. Тодруулбал, хүхэрлэг хий, азотын давхар ислийн долоо хоног дахь дундаж агууламж өнгөрсөн жил шоо метр тутамд 38 мкг байсан нь 47 мкг болж өсжээ. Харин бүдүүн ширхэгт тоосонцор хүлцэх хэмжээ (100 мкг)-г 22, нарийн нь (50 мкг байх ёстой) хоёр мкг-аар давсан байв.